П.АМГАЛАН

Төмөр замын “Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчдийн холбоо” ТББ-аас Улаанбаатар төмөр замын ажилчдын аж амьдрал сүүлийн дөрвөн жилд ямар байгаа талаар мэдээлэл өглөө.  Хуралд Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун,  засварчин О.Эрдэнэбаяр, С.Ганболд, Б.Тайванжаргал  машинист Д.Ёндонжамц, Э.Батзориг нар оролцлоо.

Энэ үеэр гавьяат тээвэрчин  Ю.Идэрчулуун “Сүүлийн улс орон даяар улс төрийн, нийгмийн олон асуудал хөндөгдөж,   иргэдийг  талцуулсан  байдал ажиглагдаж байна. Олон асуудал хөндөгдсөн нийгмийн энэ саарал үед арай өөр өнгө аястай, хүний чихэнд сонсголонтой  мэдээллийг хүргэе гэж “Улаанбаатар төмөр зам” хэмээх 71 жилийн түүхтэй, зургаан мянга гаруй  ажилчидтай   байгууллагын нэг эд эс болсон зүтгүүрийн депогийн ажилчид маань ирсэн юм.

 Улаанбаатар зүтгүүрийн депо  маань 1000 гаруй эрчүүдтэй өнөр өтгөн айл.  Улаанбаатар хотынхоо дунд голын баруун эрэг дээр  Энхтайваны гүүрний  баруун талд  үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний ажлын үүрэг бол зүтгүүрийг засаж,   их засвар хийдэг. Машинистчид маань ачаагаа тээвэрлэдэг. 

Бид Улаанбаатар төмөр зам хэмээх том айлын тухай  энэ улс төрийн сенсацийн дунд  буруу ойлголтууд гараад байгаа.  Тухайлбал, Төмөр замчдын амьдрал тааруу байна. Тэнд очсон удирдлагууд нь замчдыгаа харж хандахгүй байна гэсэн  яриа  сонсогддог. Үүнд, тайлбар өгөхөөр манай хамт олны  нэг ирсэн юм.

Миний хувьд энэ байгууллагадаа 60 жил  ажилласан.  Төмөр замын амьдралыг тодорхой хэмжээнд мэднэ. Сүүлийн  таван жилд төмөр замчдын цалин 76 хувиар өссөн.  Учир нь, сүүлийн дөрвөн жилд   төмөр замчдын ажлын үр дүнг унагаагаад байсан  үзүүлэлтүүд  ажилласан сайн үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Жишээлбэл, суудлын үнэлгээг хоёр удаа 50 хувиар нэмсэн. Гэсэн ч иргэдээс хямдхан байсан тасалбарыг үнэтэй болгочихлоо гэсэн яриаг  сонсоогүй. Энэ хэмжээнд  манай төмөр замчид вагоныхоо үйлчилгээг нэмэгдүүлсэн. Яагаад, гэвэл бид  үнийн тарифыг нэмснээр  санхүүд эерэг өөрчлөлт  гарсан. Сүүлийн 4-5 жилд төмөр замчдын ажил, амьдрал сайжирсан.  Сүүлийн таван жилд гавьяаныхаа амралтад гарч байгаа ажилчид маань чамлахааргүйгээр тэтгэврийн мөнгө нь тогтоогдож байгаа гээд олон эерэг зүйл бий.

Хуралд манай замын аварга засварчид,  түлшний группийн өндөр зэрэглэлийн  засварчид, машинист ирсэн байгаа.   Төмөр замын зүтгүүрийн засварчид зургаан зэрэгтэй байдаг.   Машинистийн хамгийн өндөр зэрэг нь нэгдүгээр зэрэг.  Эдгээр зэрэглэлийн машинистчид, засварчид маань   олон жил зүтгүүр жолоодож, тэргээ  засаж ажиллаж, амьдарч байна” гэлээ.

 Улаанбаатар төмөр зам өнгөрсөн  жил хөдөлмөрийн баатар үйлдвэр болсон.  Ингэснээр Монголд хоёр байдаг Хөдөлмөрийн баатар үйлдвэр хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. Түүнчлэн Улаанбаатар төмөр зам нэг эд эс болсон Зүтгүүрийн депогийн 70 жилийн ой  2026 оны эхний улиралд  тохиох юм байна. 70 жилийн түүхтэй зүтгүүрийн депод  олон үйлдвэрийн аваргууд ажилладаг аж.

Эх сурвалж:www.zms.mn