Ж.Ичинхорлоо
Гэрэл зургийг Р.Оюун
“Утга зохиолын 7 хоног” гурав дахь өдрөө Улсын драмын эрдмийн театрын талбайд болж, Монголын яруу найрагчдын гурван үеийнхэн цугласнаараа онцлог байв. Энэ үеэр 18 яруу найрагч өөрсдийн бүтээлээ амилуулан үзэгчдэд толилуулсан юм. Төрийн соёрхолт Ш.Гүрбазар “Ижий танаа” шүлгээ үзэгчдэд хүргэсэн бол МЗЭ-ийн шагналт Ж.Батцэцэг “Уулын энгэрт бороо цайрна намар” шүлгээрээ нам гүм, гэгээлэг мэдрэмжийг түгээв.
Энэхүү арга хэмжээ нь уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, үндэсний утга зохиолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой аж.
Энэ үеэр УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин “Долоо хоногийн арга хэмжээг манай театр хариуцан зохион байгуулж, уншигчдад шүлгийн ухаарлыг түгээж байна. Энэ нь залуу үеийн хэл, соёлын дархлааг хамгаалах чухал ажил юм” хэмээн онцлов.
Мөн тус арга хэмжээний үеэр СУИС-ийн оюутнууд, жүжигчин, найруулагчид оролцож, монголын зохиолчдын эвлэлийн шагналт Түмэнбаярын бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Энэ үеэр СУИС-ийн оюутан А.Түвшинтөгөлдөр “Шүлэг, яруу найрагт хайртай миний хувьд энэ арга хэмжээ залуучуудыг уншиж судлахад урам зориг өгч байгаагаас гадна үгийн дархлаа, сэтгэлгээний эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулж байна гэж харж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн тус арга хэмжээний үеэр “Аз хур” номын дэлгүүр тусгай 20 хувийн хөнгөлөлттэй номын худалдаа зохион байгуулсан юм. “Утга зохиолын 7 хоног” арга хэмжээ 21 аймагт үргэлжилж байгаа билээ.
Эх сурвалж:www.zms.mn