Э.Мийгаа

Поп од Дуа Липа Daily Mail сониныг хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор худал мэдээ бэлтгэж, түүний менежментийн багийн нэг гишүүнтэй холбоотой харилцааг гуйвуулсан, үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлсэн хэмээн шүүмжиллээ. Тус сонин энэ сарын 20-нд нийтэлсэн мэдээндээ Липагийн төлөөлөгч Дэвид Леви нь нэр хүндтэй Гластонбери хөгжмийн наадмын зохион байгуулагчдад хандан, Ирландын Kneecap нэртэй реп хамтлагийг энэ оны наадмаас хасахыг уриалсан өргөх бичигт гарын үсэг зурсан гэжээ. Тухайн үед хамтлагийн нэг гишүүн нь Их Британид террорист байгууллага “Хезболлагийн” тугийг өргөсөн хэрэгт буруутгагдан батлан даалтад байсан аж. Гэвч өргөдөл хүчингүй болж, Kneecap хамтлаг Гластонберидийн тайзнаа гарсан. 

Дуа Липа антисемитизмийг өдөөн хатгаж байна гэж үзэн маргаантай Kneecap хамтлагийг Гластонбери наадамд оролцуулахаас хориглохын төлөө кампанит ажил өрнүүлсэн агентаа халжээ. Учир нь  Майкл Эйвис болон түүний охин Эмили нарын өргөдөлд гарын үсэг зурсан анхны хүн нь Дэвид Леви байсан юм. Энэ хамтлагийг Хезболлагийн террористуудыг дэмжсэн гэж буруутгасан хэмээн Daily Mail” сонинд бичжээ.

Энэ нийтлэлийг зөвлөх редактор Кэти Хинд бичсэн ба тэрээр нэрээ нууцалсан хөгжмийн салбарын эх сурвалжийн үгийг эш татжээ. Түүний мэдээлснээр Липа одоо ч William Morris Endeavor (WME)-тэй гэрээтэй ч өөр агенттай ч мөн хамтран ажиллаж байгаа гэнэ. Харин WME BBC-д өгсөн мэдэгдэлдээ
“Дуа Липа эсвэл түүний менежмент улс төрийн үзэл бодлын улмаас манай агентуудын аль нэгнийг халсан гэх мэдээлэл туйлын үндэслэлгүй” гэжээ.

Леви Липагийн карьерийн ид үед чухал үүрэг гүйцэтгэж, олон жил зөвлөхөөр ажилласан боловч Kneecap–Glastonbury захидалд гарын үсэг зурахаасаа өмнө энэ оны эхээр өөр төслүүд рүү шилжин ажиллаж эхэлсэн болохыг агентлагийн төлөөлөгч тайлбарласан байна.

Daily Mail энэ бүхнийг тодруулсны дараа нийтлэлээ зассан ч ямар алдаа гарсан талаар тайлбар бичээгүй. Мягмар гарагт Липа өөрийн Инстаграм хуудаснаа Daily Mail-ийн нийтлэлийг няцааж, түүний бичлэгийн өнгө аяс, найруулгыг хатуу шүүмжилж, “эмгэнэлт явдлыг ашиглаж хүмүүсийн анхаарлыг татсан” гэж бичжээ.

Тэрбээр “Би Дэвид Леви болон бусад хөгжмийн салбарын удирдлагуудын уран бүтээлчидтэй харьцах хандлагыг зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ бүхнийг хэвлэл хэрхэн хүргэж байгааг бас үл тоож болохгүй. Нийтлэл зөвхөн худал төдийгүй Daily Mail-ийн хэрэглэсэн хэл найруулга нь зориудаар өдөөн хатгасан. Зөвхөн хүмүүсийн анхаарлыг татахын төлөө бүтээсэн, цахим орчинд хуваагдал үүсгэх зорилготой байсныг харуулж байна” гэж бичжээ.