Э.МИЙГАА

Jennifer Lopez нь Холливудын алдарт дуучин, жүжигчин, продюсер бөгөөд дэлхий даяар олон сая фентэй. Тэрээр дуулж, бүжиглэж, кинонд гол дүр бүтээдэг ба сүүлийн үед уран бүтээл, хувийн амьдрал, хөрөнгө, Оскарын нэр дэвшил зэрэг нь олон нийтийн анхаарлыг татсаар байна. Тэдгээрээс товч сийрүүлж байна.

Кино, дэлгэцнээ “Kiss of the Spider Woman” мюзикл кинонд дүр аван тоглож байгаа бөгөөд энэ нь түүний анхны мюзикл кино юм. Кино нь 1976 оны романыг үндэслэн бүтээгдсэн бөгөөд Lopez-ийн дүр нь Ingrid Luna нэртэй, классик Холливудын одын дүр юм. Кино нь аравдугаар сарын 10-нд нээлтээ хийх бөгөөд Sundance кино наадамд танилцуулагдсан. Энэ нь түүний Оскарын Шилдэг туслах эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвших боломжийг нээж өгч байгаа аж. Найруулагч Bill Condon J.Lo-г “орчин үеийн diva” гэж магтсан бөгөөд түүний дүрд орох чадвар, хөдөлмөрч байдал, зан хандлагыг эергээр дүгнэжээ. Кинонд J.Lo-ийн дуулах “Never You” дуу нь киноны гол хэсгүүдэд ашиглагдах бөгөөд хөгжмийн шүүмжлэгчид “эмоци дүүрэн, драматик” дуу хэмээн үнэлжээ.

Хувийн амьдрал-Jennifer Lopez болон Ben Affleck нар 2024 оны наймдугаар сард салалтынхаа шалтгаан болон гэр бүлийн асуудлуудыг олон нийтэд зарласан. Тэд 2023 оны тавдугаар сард Beverly Hills дахь 38.000 хавтгай дөрвөлжин фут талбайтай тансаг орон сууцыг 60.8 сая ам.доллар худалдан авч байсан бөгөөд салалтын дараа энэ тансаг сууцыг дахин зах зээлд гаргасан боловч үнэ нь 7.5 сая ам.доллароор буурч, 53.3 сая ам.доллар болжээ. Энэхүү үнийн уналтыг нь хувийн өмчийн асуудалтай холбоотой байж болзошгүй хэмээн иргэд таамаглаж байгаа гэнэ. Тэдний салалтын дараа Lopez хувийн амьдралдаа шинэ хуудас нээж, гэрлэлтийн тухай үзэл бодлоо илэрхийлж, олон удаагийн бүтэлгүйтлийн дараа дахин гэрлэх сонирхолгүй гэдгээ мэдэгдэн, уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаа шинжтэй.

Гэсэн ч хүчирхэг эмэгтэй Jennifer Lopez-ийн нийт хөрөнгө энэ оны байдлаар ойролцоогоор 400 сая ам.доллар гэж үнэлэгдэж байна. Түүний орлого нь дуу, кино, брэндийн хамтын ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа зэрэг олон эх үүсвэрээс бүрддэг. Тэрээр жилд ойролцоогоор 40 сая ам.долларын орлого олдог гэж тооцогддог.