Монгол Хьюндай эмнэлгийн Уушигны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч Э.Доржрагчаатай ярилцлаа.
-Тамхины хэрэглээ өдөр ирэх тусам залуужсаар байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тамхинаас шалтгаалсан өвчлөл ч үүнийг дагаад залуужиж байх шиг байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
- Тамхидалт залуу үе тэр дундаа өсвөр үеийн хүүхдүүд буюу 13 наснаас эхэлж байгаа том тахал болоод удаж байна. Тэгвэл энэхүү буруу зуршил зөв зуршлаар солигдож байж өөрчлөлт рүү хөтөлнө. Хамгийн эхний алхам нь идэвхтэй хөдөлгөөн буюу дасгалыг амьдралын хэвшилдээ оруулж ирэх ёстой. Үүнд фитнес, иог, сагс гээд спортын ямар ч төрөл байсан болно. Түүнчлэн би тамхинд хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ гэдгээ тооцоолох ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хүн өдөрт нэг хайрцаг тамхи татдаг гэж үзвэл дунджаар нэг жил хоёр сая төгрөг, 10 жилийн хугацаанд 20 сая төгрөгийг тамхинд зарцуулж байгаа. Үүнээс гадна бид эрүүл мэнддээ учруулж буй хор хохиролыг үнэлж баршгүй их тоо байдаг. Тамхи татдаг хүн уушгины өвлөлд өртөмтгий, уушгины архаг үрэвслүүд сэдрэх магадлал маш өндөр байдаг. Тамхидалт өөрөө удамшдаг муу зуршил. Өөрөөр хэлбэл, тамхичин хүний хүүхэд тамхичин болох магадлал 80 хувь гэдэг судалгаа ч байдаг. Тиймээс хүүхдэдээ тамхи татаж болохгүй гэхээс өмнө томчууд өөрсдөө тамхинаас татгалзаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Тамхины хэрэглээ нь амны хөндий, уушгины хорт хавдрын тэргүүлэх шалтгаан бөгөөд зүрхний өвчин, сүрьеэгийн нас баралтын гол шалтгаан болдог.
-Тамхи татдаг залуус анзаараад байхад байнга муухай ханиагаад л яваад байдаг. Ханиад томуу хүрсэн ч хүндрэх магадлал өндөртэй байдаг уу?
- Тамхи татдаг хүн ханиад, томуу хүрсэн тохиолдолд амьсгалын доод замыг өвчлүүлэх хатгаа болж хүндрэх магадлал илүү өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, тамхи татдаг хүн өөрөө астматай бол астмын сэдрэлийн давтамж нь олон болж гуурсан хоолой тэлэх цацлагын хэрэглээ нь асар өндөр болдог. Түүнчлэн тамхичин хүний гэр бүл дам тамхидалт буюу тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалснаар харшламтгай болон астмын шинж чанартай болж байдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртсөнөөр астма, хатгалгаа, мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй болох эрсдэл өндөр. Тиймээс та болон таны хүүхэд, хайртай хүмүүс тань тамхиар биш эрүүл агаараар амьсгалах ёстой гэдгийг санаарай. Энэ бол тэдний эрх, бас таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
-Тамхи татдаг хүмүүс ямар шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах ёстой вэ?
-Хэрвээ байнга цагаан цэр гардаг, амьсгаадах, цээж давчдах, амьсгалсан ч хүчилж амьсгалах шинж тэмдэгтэй байдаг. Дээрх зовуурь илэрэхэд тоохгүй байх, зовуурьтай өвчин намдаах эм уугаад улам хүндрүүлэд ирэх тохиолдол цөөнгүй ирж байна.
-Тамхинаас гарсан хүмүүс ихэнх нь буцаад ордог гэдэг. Яаж гарвал буцаж орохгүй байх магадлалтай байдаг бол?
-Хүмүүс тамхинаас гарахын тулд янз бүрийн арга хэмжээ авдаг. Хамгийн түгээмэл нь эм, цацлага, наалт, шүршигч зэргийг ашиглаад гарч байна. Гэхдээ энэ мэт арга ашиглаж тамхинаас гарсан хүмүүс дахин тамхи татах магадлал 60-аас дээш хувьтай байдаг. Тиймээс үнэхээр тамхинаас гарч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол өөрийн өдөр тутмын амьдралын хэвшилд оруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тамхинаас гаргах элдэв зүйлдээ найдахгүй өөртөө л найдах, бүрэн хаях, гарах шийдвэрээ дотооддоо хүчтэй мэдрэх үйлдэх хэрэгтэй. Амьдралын шинэ хэв маяг, шинэ хөдөлгөөн, шинэ урсгал оруулж ирж байж дараа нь тамхи татах зуршлаас салах боломжтой. Нэг зуршил нөгөөгөөр солигдож байж буюу сөрөг зуршил эерэг зуршлаар солигдож байж муу зуршлаас салж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол санаа нь та өөрөө л хүсвэл тамхийг хаяж чадна. Түүнээс хэн нэгний зөвлөснөөр эсвэл мөнгө төлж эм наалтны тусламжтай тамхинаас гарах нь тийм ч оновчтой шийдвэр биш юм. Тэгэхээр та өөртөө болон зорилгодоо үнэнч байх нь л амжилтад хүрэх хамгийн чухал хөшүүрэг тань болох юм.
-Утаат тамхинаас гарах гэж электрон тамхи буюу вэйп татдаг. Гэтэл электрон тамхи ч гэсэн хүний эрүүл мэндэд хортой, донтуулах нөлөө өндөртэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Арван жилийнхэн болон өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ асар өндөр түвшинд байна. Гурван хүүхэд тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар электрон тамхи сорж үзсэн байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл электрон тамхины шингэний найрлагад никотин, хар тугалга, цагаан тугалга, формальдегид, ацетальдегид зэрэг хортой нэгдэл, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг бөгөөд эдгээр нь донтуулах маш өндөр нөлөөтэй. Электрон тамхи нь шууд уушгинд нөлөөлж таславчуудыг гэмтээж байдаг. Уушгины таславчууд гэмтсэнээр амьсгал авах буюу гаргах агаарын солилцоог алдагдуулж байдаг. Тиймээс бид ирээдүйн хүчилтөрөгчийн аппараттай иргэдийг л бэлдээд байна гэсэн үг. Утаат тамхинаас гарах арга зам нь яавч электрон тамхи биш. Харин ч электрон тамхи татахад ямар нэгэн орчны хязгаарлал байхгүй, гар доор бэлэн байдаг учир хэрэглэх давтамж нь утаат тамхинаас 13 дахин их байдаг гэсэн судалгаа байгаа. Тиймээс томчууд маань залуу үе болон өсвөр насны хүүхдүүдийг тамхины хэрэглээнд анхаарах шаардлагатай байна. Дашрамд дуулгахад, бидэнд хандаж “Никотин хамаарлыг илрүүлэх сорил”-оор үнэлүүлж ч болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7676)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.