Х.ХАТАН

“Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” гэж нийтлэлийн бодлогодоо тодорхойлсон “Зууны мэдээ” сонины 33 жилийн сонины архив шарласан хуудсаараа он цагийн түүхийн баримт болон үлджээ.

Монголын улс төрийн түүхэнд хамгийн аймшигтай хар бараан үйл явдал болон үлдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байна.

1998 оны аравдугаар сарын 3-наас эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин энэ хэргийн тухай тасралтгүй 27 жил бичиж, сануулж, нэхэж ирсэн.

Энэхүү архивлагдсан олон арван мэдээ, ярилцлага, сурвалжилга, тойм, нийтлэлүүдээ эмхэтгэж 764 хуудас бүхий ном баринтаглаж уншигч танаа өргөн барьж буй нь энэ.

27 жилийн сонины хуудсыг эргүүлэн хүн болгон энэ хэргийн тухай мэдээллийг үзэж судлах унших боломжгүй. Тиймээс нэгтгэн архивлах, нэг талаасаа судалгааны зориулалтаар ашиглагдахуйц, нөгөө талаасаа уншиж сонирхох гэсэн хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрт оруулахыг зорьсон билээ.

Ингэснээр түүхэн үнэнийг эрэлхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэн, дараа үеийнхэнд өмнө болсон явдлын талаар үзэж судлах эх сурвалж болгох ач холбогдолтой гэж үзэж бид эмхэтгэн ном болгосон билээ.

Та бүхэн энэ амралтын өдрүүдээр “Зууны мэдээ”сонины асраар зочилж “Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг” номоо хямдралтай үнээр худалдан аваарай.