Б.БАЯРЖАВХЛАН

 

1950-иад оны дунд үеэс манай оронд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж янз бүрийн техник нэвтэрч эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор 1955 оны аравдугаар сарын 3-ны өдрийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 252 дугаар тогтоолоор Архустайн сангийн аж ахуйг түшиглэн улс орны газар тариалан, мал аж ахуй, техникийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай 15 мэргэжлээр 320 оюутан, 31 багш ажилтантай байгуулахаар болж байжээ.

Энэ цаг үеэс л эх орны хөгжлийн хөдөлгөх хүч, үе үеийн "Хөдөлмөрийн баатар"-уудыг төрүүлсэн, түүхийн хуудас бүр нь  гэгээн гавьяагаар мөнхлөгдсөн өнөөдрийн Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехникийн коллеж байгуулагдах үндэс суурь бий болж байжээ. Баатарлаг, хөдөлмөрч шавь нарынхаа зам мөрийг гэрэлтүүлж, шинэ үеийн залуусыг эх оронч, хөдөлмөрч чанараар хүмүүжүүлсээр ирсэн тэд өнөөдөр 70 жилийн ойтойгоо золгож байна.

Өнгөрсөн он жилүүдийн уртад энэ сургууль зөвхөн мэдлэгийн уурхай бус, эх орны үнэт капитал болох 30 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэжээ. Тэдний дундаас 20 гаруй хүн эх орноо хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж “Хөдөлмөрийн баатар” хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Мөн саяхан тэд 12 дахь гавьяатаа өлгийджээ. Өөрөөр хэлбэл, Эгэл энэ сургууль эх орноо хөгжүүлэх баатрууд, гавьяатуудын өргөө билээ.

Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлах аваргууд ч тус сургуульд олон. Тухайлбал, 300 гаруй аваргыг бэлтгэн гаргажээ. Тэгвэл өнөөдөр тэд 500 гаруй оюутан, 58 багш ажилтантайгаар 13 мэргэжлийг эзэмшүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай сургуулийн захирал Ш.Отгонхүү “Манай сургууль нэн шаардлагатай болон эрэлттэй мэргэжлээс гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр оюутнуудаа бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, “Малчны сургууль” гэж нэрлэж болно” гэсэн юм.

Сургуулийн захирал Ш.Отгонхүүгийн хувьд одоогоос 20 жилийн өмнө тус сургуульд ажилд орж байжээ. Энэ талаараа “Анх захирлын туслахаар ажилд орж, хүний нөөцийн ажилтан, нийгмийн ажилтан, захиргаа аж ахуйн албаны менежер, захиргаа аж ахуй олон нийттэй харилцах аж ахуй хариуцсан менежер, дэд захирал, захирал гэсэн албан тушаалд найм дахь жилдээ ажиллаж байна” гэсэн юм.

Сайн удирдагч албан тушаалын нэрээр бус, зүрх сэтгэлийн хүчээр тодордог. Тэгвэл Ш.Отгонхүү захирал бусдыг өөрийнхөө араас дагуулах бус, харин тэдний доторх гэрлийг асааж, хамтын хүчээр урагшлах эрч хүчийг өгдөг гэдгийг хамтран зүтгэгчид нь хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, жинхэнэ удирдагчийн үг нь тушаал бус итгэл найдварын дуудлага байдаг гэдгийг тэрээр харуулж буй нэгэн юм. Түүний үр дүнд өнөөдөр улсдаа үлгэр жишээ болохуйц коллежийг бий болгожээ. Тухайлбал, 1981 онд техник мэргэжлийн сургууль нэртэй байсан бол 2011 оноос МСҮТ,  2024 онд Политехникийн коллеж статустай болж өргөжжээ. Энэ тухай тэрээр “Өнгөрсөн хугацаанд манай үе үеийн багш нар сургуулиа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өнгөтэй байлгаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн төлөө залуу нас, өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн байдаг.

Миний хувьд ганцхан төрөөс бүх зүйлийг харж, нэхэж суух биш төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж байя гэдэг талаар хамт олонтойгоо зөвшилцсөн. Та бүхэн минь ажлын байраа ямар байгаасай гэж хүсэж байна. Сургуулиа ямар байгаасай гэж төсөөлж байна гээд төсөөлөл, мөрөөдлийг нь биелүүлэх “Төслийг баг” байгуулсан. Ингээд төслийн багаа чадавхжуулж, хандаж болох бүх байгууллагуудад гадаад, дотоод гэлтгүй хандсан. Ингээд хоёр жилийн дотор буюу 2019 онд Удирдах зөвлөлдөө тайлагнахад 30 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг.

Одоо бол манайх ерөнхий донор гурван байгууллагатай. Нэгдүгээрт, БНЧУ-ын төсөл хөтөлбөр. Хоёрдугаарт, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтардаг. Энэ байгууллага нь манай багш нарыг чадавхжуулах, сургалтын гарын авлага боловсруулах,мал аж ахуйн дайвар бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Гуравдугаарт, Монгол малчин хөтөлбөр. Зөөлөн ур чадвар руу чиглэсэн төсөл. Тодруулбал, ОХУ болон БНХАУ-д оюутан, багш нарыг чадавхжуулж, хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

Мөн төгссөн залуучуудаа бид ОХУ, БНХАУ-ын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй сургадаг. Тухайлбал, Өвөрмонголын боловсролын сангийн тэтгэлгээр 50 оюутан таван жилийн хугацаанд явуулсан байна. Энэ төслийг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан М.Энхболд санаачилсан байдаг. Ингэхдээ барилга, IT, цахилгааны, сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийг сургасан. Эхнээсээ оюутнууд маань төгсөж ирээд Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу урилгаар ажилд орсон байна” гэсэн юм. 

Мөн Багш ажилтны мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сургалтад нийт 106 багш ажилтан хамрагдсан бөгөөд үүнд “Сургах зүйн чадамж эзэмшүүлэх” сургалтад зургаан багш, “Ээлжит хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” сургалтад 18 багш,  “Багшийн ёс зүйн шинэчилсэн дүрэм”-ийн сургалтад 22 багш, “Арга зүйд суралцъя” хөтөлбөрт 25 багш, Англи хэл болон үндэсний бичгийн давтан сургалтад 25 багш тус тус хамрагдсан байна. Мөн гадаад дотоодын олон сургалтад багш нараа чадавхжуулжээ.

Мөн оюутнуудаа төгсгөөд орхих биш шаталсан тогтолцоогоор дотоод болон гадаадын их сургуульд сургадаг байна. Тухайлбал, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Аж үйлдвэрийн их сургууль, Бугат хотын Хөнгөн үйлдвэрийн сургууль, ШУТИС, Хөдөө аж ахуйн их сургууль, Уламжлалт анагаахын ухааны их сургуульд элсэн суралцуулдаг байна.

 

Алдрын оргилд гэрэлтсэн эрдэнэ Политехникийн коллеж

 

Эрдэнэ сумын Политехникийн коллежийн үүдээр алхсан оюутан мөрөөдлөө олж, хүслийнхээ оргилд хүрч, жигүүрээ дэлгэн өндөрт нисэх боломжийг олгодог. Хичээлийн танхим бүрд нь ирээдүйн эхлэл шингэж, номын хуудсаар дамжин амжилтын зам нь нээгддэг. Тэгвэл тус сургуулийн суралцагчдын амжилт ба хөдөлмөр эрхлэлтийн тухайд 2023-2024 онд нийт 183 суралцагч (2.5 жилийн сургалттай анги-30, нэг жилийн анги-140, жолооны сургалт-13) амжилттай төгсөж, үүнээс 137 нь ажлын байраар хангагдан, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 74.8 хувьд хүрсэн байна. Байгууллагын амжилтуудаас дурдвал 2019 онд Аймгийн “Хөдөлмөрийн аварга”, 2015 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль”, 2019 онд төрийн дээд шагнал “Алтан гадас”одон, 2019 онд Сумын “Шилдэг байгууллага”  2021, 2022, 2023 онд Эрдэнэ сумын “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”,  2021 онд Боловсролын Магадлан итгэмжлэгдсэн байгууллага, 2024 онд Төв аймгийн “Шилдэг Политехник коллеж”, 2024 онд “Тогооч” мэргэжлийн ангийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн,  2024 онд Монгол Хятад МБСБ-н нийгэмлэгийн гишүүн сургууль, 2025 онд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” улсын уралдаанд дэд байрт сургууль юм.

Инновац, бүтээлч шийдлийн хувьд Хөдөө аж ахуйн инновациыг дэмжих хүрээнд Японы “Мора” групп болон Өлзийт МСҮТ-тэй хамтран “N-Power” шингэн бордоог үхэрт турших, төсөл хэрэгжүүлж, “Мон-2023” инновациийн уралдаанд “Шилдэг бүтээл”,  номинацид шалгарсан. Шинэ Зеланд улсын орчин үеийн хонь ноослох төхөөрөмжийг хүлээн авч, сургуулийн инженер багш нарын зохион бүтээсэн зөөврийн угаалгын төхөөрөмж нь “Малчдын зөвлөгөөн-2023” арга хэмжээнд онцгой сонирхлыг татсан юм.

Мөн сургуулийн хамт олон Европын холбооны болон НҮБ-ын ХХААГ-ын төслүүдэд хамрагдан “Эрдэнэхүү багц” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлж, тараг, ариутгасан сүү, цэлцэгнүүр, хагас утлагат хиам, эко тор зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. 2021 оны долоодугаар сард сургуулийн үйл ажиллагаа нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэн, хөтөлбөрийн чанар, байгууллагын хөгжлийн бодлогыг баталгаажуулжээ.

Ийнхүү Эрдэнэ МСҮТ нь сүүлийн найман жилийн хугацаанд мэргэжлийн боловсролын салбарт үлгэр жишээ үзүүлж, Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, сургалтын орчин, хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан сургалтын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлсээр байна.

 

Монголын анхны үйлдвэрлэх эрхтэй сургууль

 

Төв аймгийн Эрдэнэ сумын хувьд жуулчны бааз олонтой гэдгээрээ онцлогтой. Тиймээс тэд жуулчны баазуудад талх үйлдвэрлэж хүргэж эхэлжээ. Гэтэл үйлдвэрлэх эрхгүй учраас дахин үйлдвэрлэл эрхлэх боломжгүй болжээ. Ингээд улсын бүртгэл дээрх мэргэжлийн боловсрол олгоно гэх нэршлээ өөрчилж мэргэжлийн боловсрол, үйлдвэр үйлчилгээ болгон өөрчлүүлэх шаардлагатай болж Ш.Отгонхүү захирал боломжийг эрэлхийлж, хөл хүрэх бүх газраар явж, учир байдлаа тайлбарласнаар өнөөдөр Монголын анхны үйлдвэрлэх эрхтэй Политехникийн коллеж болжээ.

Энэ тухай “Сумынхаа үдийн цай хөтөлбөрийг бэлтгэн, жуулчны баазуудад бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Гэтэл төрийн байгууллага хоорондын мөнгөн шилжүүлгийн асуудал хүндрэлтэй байсан. Тиймээс "АСК Эрдэнэ" шилэн данстай хоршоог байгуулсан. Ингээд багш сурагчид хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо манай хоршоо аймгийн тэргүүний нэг удаагийн аварга болсон. Мөн Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Цонжин кибер сургуулиудад үдийн цайны бүтээгдэхүүн хүргэх, Хүүхэд бүрт сүү хөтөлбөрийн хүүхэд бүрт хэрэгжүүлээд явж байна. Цаашид Эрдэнэ сумынхаа ойролцоо сумын 6000 гаруй хүүхдэд сүү хүргэх ажлыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Амжилт бүтээлээр дүүрэн энэ сургуулийг алхан орсон, амжилт бүтээлийн эзэд болох үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, нийт төгсөгчид хамт олонд амжилт, аз жаргал, түүхт 70 жилийн ойн мэнд хүргэе.

 

Мэндчилгээ

Эрхэм хүндэт үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, төгсөгчид, суралцагчид, эрхэм зочид та бүхэндээ Эрдэнэ сумын Архустайн сургууль комбинат буюу өдгөө өргөжин хөгжсөн Эрдэнэ политехник коллежийн түүхт 70 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлийн халуун өргөлөөр хүргэе!.

Манай сургууль 1950-иад оноос хойш оюутан, залуусыг мэдлэг боловсролоор тэтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бахархалт уламжлалтай.

Долоон аравны туршид эрдэм ухаан, ур чадвар, хүмүүжлийн их уурхай болж, мянга мянган төгсөгчид маань төрөлх нутагтаа төдийгүй улс орныхоо өнцөг булан бүрт нэр хүндтэй ажиллаж, бүтээлч хөдөлмөрөөрөө үнэлэгдэж байгааг дурдахад таатай байна.

Өнөөдөр бид өнгөрснөө дурсаж, ололт амжилтаа үнэлж, ирээдүйн шинэ зорилго, хөгжлийн хөтөлбөрөө хамтдаа тодорхойлох түүхэн цаг үе тохиож байна.

Энэ бүхэн нь үе үеийн сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэл, хамт олны эв нэгдэл, төгсөгчдийн бахархалт замналын үр шим билээ. Эрдэнэ политехник коллежийн хамт олон бид цаашид улам бүр шинэчлэгдэж, орчин үеийн мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх, суралцагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах болно.

Түүхт 70 жилийн ойн баярын энэ өдөр үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан хамт олон, төгсөгчид, суралцагчид Та бүхэндээ болон биднийг дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, нутгийн зон олондоо баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Захирал Ш.Отгонхүү

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 176 (7673)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.