Д.Мягмаржаргал, гэрэл зургийг Р.Оюун

Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар" Ахмадын удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлээд байна. 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн бид хэвлэлийн бага хурал хийж ахмад настнуудын амьжиргааг дээшлүүлэх тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ сарын 10-ны өдрөөс жагсаал цуглаан хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах шаардлага тавьсан. Мөн түүнчлэн 2025 оны улсын төсвийн төсөлд тэтгэврийг зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн шаардлагыг төр засагт тавьж байгаа. Ахмад настны тухай хуулийн наймдугаар дугаар зүйлийн 8.3-т "Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ" гэж заасан байдаг.

Энэ нь тэтгэвэр авах шударга зарчмыг чанд мөрдүүлэх нөхцөлийг хангаж, хэт их зөрүү үүсгэсэн гажуудлыг арилгах, ойртуулах, тэтгэврийн доод хэмжээг цалингийн доод хэмжээний зохистой харьцаанд хүргэж нэмэгдүүлэх бодлогын асуудлыг шийдвэрлэж өгсөн хууль эрх зүйн нэн чухал зохицуулалт.

Гэтэл тэтгэвэр бодох цалинг индексжүүлэн нэмэгдүүлсэн 2022 оноос хойш бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф огцом өсөж, мөнгөний ханш болон хүн амын худалдан авах чадвар буурсан нь ахмадуудын амьжиргаанд хүчтэй нөлөөлж байна. Үүний улмаас өнөөгийн тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын наад захын хэрэгцээнд ч хүрэлцэхгүй байна. Тухайлбал, ахмад настнуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр амьдарч буй.

Иймээс Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс дараах албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байна. Үүнд,

1. Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх, уг баримт бичигт Ахмад настны амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох үүднээс ахмадуудын шаардсаны дагуу тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх, шинэ, хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байгаа буруу тогтолцоог арилгах, дундаж тэтгэврийг цалин хөлсний  улсын дундаж хэмжээний 75 хувьд хүргэх бодит зорилтыг улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулан богино, дунд хугацааны стратеги болгож шийдвэрлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тусгах.

2. Үнэ инфляцын өсөлтийн түвшинг төлөвлөсөн 2026 онд 6 хувь байна гэх тооцсоноор биш бодит өсөлтөөр тооцож, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тэтгэврийн хэмжээг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх.

3. Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаар гадаг зохиомол хязгаарлалт тогтоосныг залруулж /хасаж/ өөрчлөх. Мөн Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх.

4. Эхчүүдийн тэтгэвэр тогтоох ажилласан жилийг тооцохдоо төрүүлж өсгөсөн хүүхдийн тоог харгалзан ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцсон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад эхчүүдийг бүрэн хамруулж нэг мөр хэрэгжүүлж, тэдний тэтгэврийг нь шинэчлэн тогтоох.

5. Ахмад настнуудад түрээсийн орон сууц олгож квотыг аймаг, нийслэл, дүүрэг бүрд тогтоож, тэднийг орон сууцаар хангах хөтөлбөрийг 2026 оноос эрчимтэй хэрэгжүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ талаар дорвитой арга хэмжээ авч, ахмад настнуудад түрээсээр болон хөнгөлөлттэй нөхцөл журмаар орон сууц олгох хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэл, дүүрэг бүрд ахмадын орон сууцны тусгайлсан квот тогтоон өгч мөрдүүлэх арга хэмжээ авах.

6. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, эхчүүдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт нэмж тусган батлуулах хэмээн тусгалаа" гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn