Б.ЖАВХЛАН

 

“Монгол Хьюндай” эмнэлгийн Мэдрэлийн эмч М.Мичидмаатай мигрень өвчний талаар ярилцлаа.

 

-Дэлхий нийтээр энэ сарын 12-ны өдрийг толгой таллаж өвддөг мигрень өвчний өдөр болгон тэмдэглэдэг. Мигрень өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

- Толгой хүчтэй, давтамжтай базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /Migraine/ гэдэг. Мигрень өвчний үед толгойн нэг талд таллан хүчтэй лугшиж өвдөж, дотор муухайрах, бөөлжих, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдгүүд дагалдан илэрч амьдрал, хөдөлмөрийн чанарт ихээхэн нөлөөлдөг анхдагч толгой өвдөлтийг хэлдэг.

-Ямар шалтгаанаар үүсдэг вэ?

-Мигрень өвчин нь удамших гээд байдаг.  Мөн зарим хүчин зүйлийн нөлөөгөөр олдмолоор үүсдэг. Мигренийг дохиот /аура/болон дохиот бус /аурагүй/ гэж хоёр ангилдаг. Дохиот мигрень нь ховор тохиолддог. Тухайлбал, толгойн өвдөлт эхлэхээс 30 минутын өмнө эсвэл хэдэн цагийн өмнө харааны өөрчлөлт илэрч нүд бүрэлзэх, бүдэг толбо харах, түр зуур хараа муудах, хэл ярианы өөрчлөлт буюу хэл ээдрэх, нойргүйдэх, бие сульдах шинж тэмдгүүд илэрдэг. Дохиот бус мигрень хүн амын дунд нийтлэг тохиолддог. Ямар нэгэн урьдчилан шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд толгой өвдөж эхэлдэг. Мигренээр ихэвчлэн өсвөр нас болон 30 наснаас өмнө шинж тэмдэг нь илэрч эхэлсэн байдаг. Эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Ихэнх тохиолдолд нэг өвдөхдөө 4-24 цаг үргэлжилдэг. Заримдаа илүү урт хугацаагаар ч өвддөг учраас амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг .

-Мигрень өвчин ямар үед сэдэрдэг вэ?

-Сэдрэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. Үүнд хэт их стресстэй, нойргүйдэх нөлөөлдөг. Харин хоол хүнснээс хуучин бяслаг, улаан дарс, самар, шоколад, утсан мах кофейн агуулсан бүтээгдэхүүнүүд болон хэт бага эсвэл хэт их унтах сөрөг нөлөөтэй. Энэ өвчнийг сэдрээхгүй байхад хүрээлэн буй орчин чухал. Хурц гэрэл, чанга дуу чимээ, хурц үнэр, цаг агаарын өөрчлөлттэй үед аль болох гадаа гарахгүй байх нь зүйтэй.

-Мигрень өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Тогтмол цагт хооллож, хүнсний сэдээгчээс зайлсхийх. Мөн өдөр бүр 7-9 цаг унтахыг зорьж, тогтмол унтах цагийн хуваарь баримтлах. Өдрийн турш тохиромжтой хэмжээний ус уух. Тогтмол, дунд зэргийн дасгал хийх нь мигрень өвчний давтамжийг бууруулахад тусалдаг.

Иог, бясалгал, амьсгалын дасгал гэх мэт аргууд стрессийг удирдахад тусалдаг.

-Нэгэнт сэдэрч толгой өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ толгой бага зэрэг өвдөлттэй бол NSAID буюу үрэвслийн эсрэг өвдөлт намдаах үйлчилгээтэй эм хэрэглэж болно. Сүүлийн үед дэлхий дахинд ботокс тариаг эмчилгээнд хэрэглэх болсон.Энэ эмчилгээний дараа 2-4 сарын турш толгой өвдөлт сэдрэхгүй байх боломжтойг нотолсон. Хэрвээ гэнэт толгой маш хүчтэй өвдөх, хараа муудах, мэдээ алдах, ярихад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай. Мэдрэлийн эмчийн үзлэг хийгдсэний дараа шаардлагатай шинжилгээ төлөвлөж шинжилгээ үзлэгийн дагуу эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй эмчилгээ болдог.

-Толгой нь өвддөг хүмүүс өөрийн дураар эмийг маш ихээр хэрэглэдэг. Энэ хэр зөв бэ?

-Толгой өвдөлтийн үед эм уухаас өмнө хамгийн эхлээд таны толгой яг юунаас болоод өвдөж байна вэ гэдэг шалтгааныг нь олоод түүндээ тохирсон эм хэрэглэх нь зөв. Юунаас болж өвдөж байгааг нь мэдээгүй байж эм хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.