Ч.БЯМБАХАЖИД

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аар баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолоос үүдэн Монгол Улс 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болсон. Би сүүлийн үед том луйвар, булхайн талаар дуугарч байгаа. Луйвар булхайд баригдсан хүмүүс уурлаж, янз бурийн үг хэлж байх шиг байна. Тэр хүмүүсийн хэлсэн үг нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Мөн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун дордсоныг харуулж байна. Ийм хүмүүс соёлтой, ардчилсан оронд байсан бол аль хэдийнээ огцорсон байх ёстой. Гэтэл манайд албан тушаалаа авч үлдэхийн тулд, луйвар булхайгаа хаахын тулд маш бүдүүлэгээр хандаж, янз бүрийн аргаар эсрэг гүжирдлэг тараадаг. Мөн зохиомол түүх зохиодог эсвэл асуудлыг өөр тийш нь хандуулж, луйвраа нуун дарагдуулах гэж оролддог болсон байна.

Үүний тодорхой жишээ бол Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлж байгаа үг, хандлага юм. Би энэ асуудлыг өмнөх Засгийн газар огцрохоос өмнө ярьж байсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, зөвлөе гэсэн боловч надаас зугтааж, уулзалгүй өнгөрсөн. Тиймээс энэ асуудлыг дараад байж болохгүй юм байна, ард түмэндээ нээн харуулж, энэ мэдээллийг хүргэж, ард түмнээрээ дүн тавиулах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ингээд зургаадугаар сарын 5-нд анх удаа энэ мэдээллийг ил тод хэлсэн. Үүнээс өмнө энэ “муухай” гэрээ байгуулагдах талаар олон хүн ярьж байсан. Би туршлагатай улстөрч хүн учраас ямар мэдээлэл ноцтой вэ гэдгийг сайн мэднэ. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, шинэ Засгийн газар байгуулагдах тухай яригдаж байсан учраас хүмүүс тэр асуудалд илүү анхаарал хандуулсан. Нэгэнтээ цаг хугацаа өнгөрч, Ерөнхий сайдын огцрох асуудал шийдэгдэж, шинэ Засгийн газар байгуулагдсан. Харин бүх зүйл намжсны дараа миний зургаадугаар сард өгч байсан мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татаж эхэлж байх шиг байна.

Энэ бол маш ноцтой гэрээ. Нэгдүгээрт, УИХ-д Засгийн газар энэ гэрээг байгуулахаар асуудлыг өргөн барьсан. УИХ-ын дарга өөрийнхөө дэргэдэх зөвлөлтэйгөө хамтарч УИХ-аар хэлэлцэх асуудлыг баталж байж хэлэлцүүлдэг. Зарим асуудал бол УИХ-аар ордоггүй. УИХ-ын даргын үзэмж их байдаг. Зарим нь бол гэрлийн хурдаар орчихдог. Энэ бол мөн л гэрлийн хурдаар орсон асуудлын нэг нь юм. Үүнийг яг шинэ жил, найр наадам болох үетэй давхцуулан хэлэлцсэн байна. Дээр нь бэлгэдлээ бодсон ч маш муухай зүйл хийсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр хэмээн тэмдэглэдэг. Гэтэл үүнийг даажигнаж байгаа мэт, үгүйсгэж байгаа юм шиг арванхоёрдугаар сарын 27-нд ийм “муухай” гэрээ байгуулах эрхзүйн үндсийг тавьсан байна.

Нэгдүгээрт, энэ гэрээг байгуулахдаа луйвар булхайг нуух зорилгоор “Гурвыг цогцлооно” гэх худал нэр өгсөн байна. Гурвыг цогцлооно гэдэг нь “нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр замаа тавья, нүүрс худалдах гэрээ байгуулъя” гэдэг гурван асуудлыг нэг болгосон өгсөн юм байна. Үүнийг Засгийн газар эхэлж хэлэлцээд ийм луйвар булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ энэ асуудлыг хэлэлцсэн. Уг 58 дугаар тогтоол дээр хэд хэдэн ноцтой зүйл гарсан. Нэгдүгээрт, урьд нь байгуулж байсан муу гэрээний жишгийг баримтлах үүрэг даалгаварыг өгсөн байх. “Дахиад сайн гэрээ хийж болохгүй шүү” гэх даалгавар өгсөн байгаа юм.

Мөн “Бүү сорчил” гэсэн гэрээн дээр манай хамгийн үнэтэй нуурс буюу коксжих нүүрсийг нийт 250 сая тонн нүүрсний 55 хувь байхаар сорчилсон байна. Үүнээс 35 хувь нь харьцангуй чанартай, үлдсэн 10 хувь нь чулуун нүүрс буюу хамгийн бага үнэтэй нүүрс байна. Гэтэл Тавантолгойн ордны нийт нүүрсний нөөцийг бодоод үзвэл нийт нүүсний зөвхөн 10 хувь нь л коксжих нүүрс байдаг. Үүнийг зүй зохистойгоор харж, баримтлах ёстой гэх зарчмыг баримтласан бол 250 саяын 10 хувь нь коксжих нүүрс байх ёстой байсан. Тэгтэл 55 хувийг нь хийчихэж байгаа юм. Ингээд ганцхан гэрээгээр Монгол Улс нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг нь зарчихаж байгаа юм. Нэг тонн нүүрсний үнийг гэрээний үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 орчим ам.долларын алдагдлыг нэг тонноос хүлээхээр байгаа юм. 250 саяыг 40-өөр үржүүлбэл 10 тэрбум ам.доллар болно. 10 тэрбум ам.доллараар Монгол Улсын дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалт, эдийн засаг гээд бүх салбарыг эрчимтэй хөгжүүлж болно. Хэрэв 10 тэрбум ам.долларыг алдагдалгүйгээр, эргэлтэд оруулж, сайн гэрээ хийсэн бол Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоотой нөхцөл рүү орох байсан. Бид хөгжлөөс хоцорсон, цаг алдаж байж ийм ашиггүй гэрээ хийнэ гэдэг бол цэвэр луйвар булхай юм гэдгийг ард түмэндээ хандан хэлж байна.

Дээр нь Засгийн газар энэ гэрээг яагаад заавал Харбин хотод очиж байгуулав. Монголын муу гэрээнүүд яагаад дандаа гадаадад байгуулагддаг юм бэ. Өмнө Дубайд нэг гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээг Монгол байгуулвал луйвар булхайг нь мэдчихнэ гэдэг учраас гадаадад очиж байгуулдаг. Мөн энэ гэрээг яагаад нууцлав. Энэ гэрээнд цэргийн бие бүрэлдэхүүн, улсын аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал байхгүй. 25 км зөрүүлсэн төмөр замыг нийлүүлье, нүүрс зарах асуудал нууцлаад байх зүйл биш. Энэ бол яаралтай засах ёстой гэрээ. Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд нар хятадууд л биднийг шахаад байгаа юм шиг яриад байгаа. Эсрэгээрээ манай өндөр албан тушаалтнууд муу гэрээ хийе гэвэл хятадууд зөвшөөрөөд л гарын үсэг зурна. Харин манайхан эрх ашгаа бодоод энэ гэрээг чамбай сайн хийе гэсэн бол Хятадууд харилцан зөвшилцөөд аргагүй үнэнд гүйцэгдээд ашигтай гэрээ хийж чадна. БНХАУ-ын дарга Ши Жинь Пин хэлэхдээ “Манай хөршүүд Хятад улсын хөгжлөөс хожих хэрэгтэй. Гэрээ хийхдээ өөрсдөдөө ашигтай гэрээ хийж болно” гэдэг. Гэтэл энэ гэрээг яг эсрэгээр нь Монгол Улсад хохиролтой, хятадуудад ашигтайгаар хийсэн байгаа юм.

Б.Дэлгэрсайхан бол их муухай ааштай, даварчихсан хүн учраас юу ч гэж гүтгэж магадгүй. Нэн даруй Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайдаас огцрох ёстой. Үүний ард нуугдаад байгаа хүн бол Ц.Туваан. Өчигдөр Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Нүүрсний гэрээг Ц.Туваан хийсэн” гэж хэлсэн. Тэгвэл нүүрсний гэрээ хийсэн Ц.Туваан ил гарах ёстой. Үүн дээр зөвхөн МАН ч бус АН ч оролцсон. МАН, АН хоёр нийлээд МАНАН-гийн Засгийн газар байгуулахаараа л ийм муухай юм хийж байдаг. Бас үүний ард нуугдаж байгаа нэг хүн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Яагаад энэ муу гэрээг “засаад ир” гээгүй юм бэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ яагаад үүнийг мэдсээр байж хийв. Яагаад ард түмэнд баялгийг нь хүртээнэ гэж худал хэлсэн юм бэ. Үүнд нь их гомдож байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлснээр “Тавантолгойн ашгийг ард иргэддээ хүртээнэ, МАНАН-г эсэргүүцэж байгаа” талаар та нэвтрүүлэгт ороод өгөөч гэхэд нь  хэд хэдэн удаа нэвтрүүлгүүдэд оролцож байсан. Гэтэл яагаад тэнд ярьсныхаа эсрэг зүйлийг хийж байгаа юм бэ. Иймд энэ гэрээг яаралтай засахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүсэж байна. Хятадын тал бол энэ гэрээг цуцлах дээр эсэргүүцэхгүй байх. Бас нэг асуудал байна. Яагаад хоёр төмөр зам 25 км-ээр зөрчихөв. Яагаад ийм будлиан үүсэв. Хоёр төмөр замыг нийлүүлэх бол инженерүүдийн хийх зүйл байтал инженерүүдийнхээ дундуур өндөр албан тушаалтнууд орж тус замуудыг зөрүүлчихлээ. Энэ луйвар булхайгаа нуугаад, нийлүүлж байна гэх үндэслэлээр илүү их “юм идэхээр” дахин шинэ гэрээ хийгээд байна. Монголынхоо баялгыг “идэж” дуусдаггүй юм уу. Үүнийг таслан зогсоож чадвал дахин ийм луйвар булхай гарахгүй. Тиймээс ард түмнийхээ өмчийг хамгаалж, Монгол Улсыг өрийн дарамтнаас гаргахын тулд ашиггүй гэрээний асуудлыг хөөцөлдөж байгаа юм.

Би УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүдээс асуух асуумжийг гаргасан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн бол ард түмний илч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг. УИХ, Засгийн газрын өргөн барьсны дагуу 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай 58 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан. Уг тогтоолын дөрөв дэх хэсэгт Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо Эрдэнэс Таван Толгойн урт хугацаатай байгуулж байсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээр хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэлх жилээр тогтоох гэсэн асуудал гэжээ.Үүнийг Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нар ярихдаа “Монголын алдаанаас болж 16 жилийн турш Хятадыг хохироосон” гэж тайлбарлаад байна. Гэтэл ганц ч хятад хүн тэгж хэлээгүй.

Эдгээр заалтын дагуу манай улс эдийн засаг, гадаад худалдааны хувьд алдагдалтай. Ард түмний дундын өмч, байгалийн баялгийг цөөн тооны албан тушаалтнууд дур зоргоороо захиран зарцуулдаг болсон. Хожим ард түмэнд өрийн дарамт болохуйц 2010 онд байгуулж байсан муу гэрээний жишгийг баримтлахыг Засгийн газарт даалгасан байна. УИХ-ын 2024 оны 54 дүгээр тогтоолын тав дахь заалтаар 250 орчим сая тонн нүүрсийг зарна. Гэхдээ сул коксжих, эрчим хүчний нөөцийн зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх гэж заажээ. Гэвч энэ заалтаа зөрчсөн гэрээ хийсэн” гэв.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.