Б.ЖАВХЛАН
Архангай аймгийн 31 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг тасалдуулсан хэмээн үзэж Засаг дарга Б.Цэрэннадмидыг Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгчээ.
Учир нь Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй “БМНС” ХХК болон “Батдөлгөөнмөрөн” ХХК өөрсдийн хүсэлтээр тодорхой хувийн энгийн хувьцаагаа орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсонтой холбогдуулан Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны арван хоёрдугаар сарын нэгэнд 19 дүгээр тогтоолыг гаргажээ.
Тогтоолын дагуу дээрх компаниудын хувьцааг авснаар орон нутгийн өмчийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн төсөвт шууд үр өгөөж өгөх алхам бүрдэх байжээ. Улмаар шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хүлээсэн юм. Гэвч 18 сарын дараа буюу 2025 оны зургаадугаар сарын 26-нд, Үндэсний их баяр наадмын өмнө Засаг дарга Б.Цэрэннадмид “Хувьцааг орон нутаг эзэмших боломжгүй” гэсэн үндэслэлээр шинэ тогтоолын төслийг боловсруулж, ИТХ-аар батлуулан өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр орон нутгийн өмчид үнэ төлбөргүй шилжих байсан хувьцаа, цаашлаад иргэдэд очих байсан орлого алга болсон хэмээн үзжээ.
Мөн аймгийн ИТХ-аас тогтоол гаргаж, дараа нь түүнийгээ хүчингүй болгох хүртэлх 1.6 жилийн хугацаанд дээрх компаниуд алтаа ухаад бүгдийг нь хамаад арилсан гэх таамаглал хүртэл олон нийтийн дунд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд тэд 31 тэрбум төгрөг олсон гэх тооцоолол байгаа бөгөөд энэ нь Архангайн аймгийн төсөвт орох байсан бодит мөнгөн дүн юм. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 600 хүүхдийн суудалтай 3–4 сургууль барих боломж байжээ. Иргэдийн дунд Засаг дарга Б.Цэрэннадмид нь дээрх уурхайн эзэдтэй ойрын холбоотой гэх яриа тархжээ. Уг асуудлаар иргэн “А” Авлигатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргасан байна. Одоо хууль хяналтын байгууллагууд орон нутгийн өмчид очих байсан их хэмжээний хөрөнгө юунд, яагаад “алга болсныг” шалгах шаардлагатай болжээ. Архангайн ИТХ-ын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй. Тэгвэл иргэдийн өмнөөс хамгаалагдах ёстой баялаг хувийн ашиг сонирхолд урссан уу гэдэг асуултад АТГ хариу өгөх учиртай болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.