Д.Мягмаржаргал
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Авлигын эсрэг конвенцод Монгол улс 2005 оны арван хоёрдугаар сард нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Уг конвенцын 33 дугаар зүйлд “оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх арга хэмжээг авч үзнэ гэж заасан. Үүний дагуу Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч энэ үүргээ биелүүлэлгүй 20 жил өнгөрсөн байна. Монгол Улс авлигыг бууруулах олон улсын гэрээ, зөвлөгөөг дагахгүй, Шүгэл үлээгчийн Эрх зүйн байдлын анхдагч хуулийн төслийг батлуулахгүй удаа дараа хойшлуулж байгаа учир шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлахыг шаардаж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Монгол Улсын Их Хурлын гишүүдэд шаардлага хүргүүлэхээр ‘’Зөвийг Шүгэлдэгчид ТББ ‘’ ‘’Иргэн Та Хүч Залуусын нэгдэл ТББ’’ -ын залуус хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ талаар “Иргэн Та Хүч Залуусын нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “Бид хуулиа дээдлэх, эх орноо хамгаалах, шударга байх журамт үүрэгтэй Монгол Улсын иргэд. Энэ журамт үүргийн дагуу шударга бус, хууль бус зүйлийн төлөө дуугарах үедээ ямар нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны өмнө хүчин мөхөстдөг. Бид мэдэх эрхийн төлөө мэдээлэх эрхийн төлөө шударга бус зүйлийг илчилсний төлөө хохирох ёсгүй гэсэн хуулийн хамгаалалтыг бид хүсэж уг хуулийг НҮБ-ын зөвлөмжийн дагуу боловсруулж 2021 онд УИХ-д өргөн барьсан ч одоо хүртэл шийдэгдээгүй. Эцэст нь шударга, хариуцлагатай нийгмийг бий болгохын тулд Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэй байна. Үүнийг шийдэж өгөх хүртэл бид шаардлага хүргүүлсээр байх болно” гэв.