Д.МАРАЛ

 

Бид суралцах орчныг зөвхөн сур­гуулийн гадна болон дотор орчноор төсөөлдөг. Гэвч сургуулийн орчин зөв­хөн дөрвөн хана, тавилгаас бүрддэггүй. Энэ нь илүү өргөн хүрээний агуулгатай ба хүүхдийн сурлагад маш их нөлөөтэй байдаг. Эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинд суралцах нь хүүхдийн эдлэх ёстой эрх билээ.

Гэвч манай улсад ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж тэр дундаа анги дүүрэлт, нэг ангид суралцах ёстой хүүхдүүдийн тоо хэтрэх асуудал жилийн жилд хэвээр байна. Жишээлбэл, 130-р сургуулийн 6 г анги  30 хүүхдийн ширээ сандалтай ч одоогоор 65 хүүхэд тус ангид хичээллэж байна. Иймээс нэг ширээнд гурваараа суусан ч багтахгүй сандал нэмж, зарим хүүхдүүд ширээ хүлээн зогсдог гэх асуудал яригдаж байна. Үүнээс гадна цонхгүй бүгчим анги, шаардлага хангаагүй ширээ сандал зэрэг нь сурагчид “Аюулгүй сурч хүмүүжих ёстой” гэх хуулийн заалтаас гажуудаж буй нь улсын ерөнхий боловсролын олон сургууль дээр хөндөгдөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид сургуулийн хүрэлцээ байхгүйгээс хүүхдийн сурч боловсрох эрх хэрэгжихгүй байна. Жил бүр сургуулийн барилга барих төсвийн асуудал хөндөгддөг. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй байгаа юм.

 

Казахстан улс: Авилгаас хураасан мөнгөөрөө сургууль барьдаг

 

Казахстан улс авилгаас хураасан мөнгөөрөө сургууль барьдаг байна. Тухайлбал, 2023 онд авлига, арилжааны гэмт хэргээр хураагдсан хөрөнгө буюу 151.6 тэрбум тенгег боловсролын дэд бүтцийн сан руу оруулж, 62 шинэ сургууль барихад зарцуулжээ. Эдгээр нь нийтдээ 76 000 гаруй сурагчийн суудлыг хангах зориулалттай байв. Харин өнгөрсөн онд 129 сургууль ашиглалтад орсны 50 хувийг авилгаас хураасан мөнгөөр санхүүжүүлжээ. Мөн ерөнхий боловсролын сургууль нь нэг зураг төсөл, стандарттай бөгөөд энэ стандартын дагуу хотын бүх хороолол яг адилхан сургуультай аж. Харин 2025 онд Казахстан улсын хэмжээнд 149 сургууль байгуулах ерөнхий төлөвлөгөө гаргасан. Үүний хэдэн хувийг авлигаас хураасан мөнгөөр барьснаа засгийн газар нь олон нийтэд тайлагнах юм байна. Сүүлийн үед баригдаж буй сургуулиуд нь техник технологийн дэвшилд суурилсан төлөвлөлттэй. Тухайлбал, ухаалаг самбар, ухаалаг хяналтын систем, энерги хэмнэлттэй барилга (LED гэрэлтүүлэг, дулаан тусгаарлагч материал), зуны болон өвлийн спортын заалтай, сэтгэлзүйч, эмч, хөгжлийн багш, сурган хүмүүжүүлэгч нар тусдаа өрөөтэй. Зарим сургууль нь орон сууцны хорооллын дунд байрлах ба орон сууцтай шууд холбоотой төлөвлөлттэй байдаг байна.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.