Б.ЖАВХЛАН

Сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл өглөө. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2023 онд Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдах багц хуулиуд батлагдсан. Улмаар сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Ингэхдээ, сурах бичгийн бага ангийнхан төлбөргүй, дунд, ахлах ангийнхан номын сангаараа дамжуулан төлбөртэй ашиглана. Эцэг, эхчүүд өөрсдийн хүслээр худалдаж авах боломжтой байхаар зохицуулалт хийсэн.

Энэ хичээлийн жилд нийт 1.8 сая сурах бичиг хэвлэсэн. 2-5 дугаар ангийн сурах бичгийг нийслэл болон аймгуудад бүрэн хүргэсэн. Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг энэ долоо хоног хүргэсэн.

Дунд, ахлах ангийн сурагчдын хувьд, хүүхдүүд гурван хэлбэрээр сурах бичиг ашиглах боломжтой.

1.       Номын сангаас үнэ төлбөргүй ашиглах

2.       Түрээсээр ашиглах

3.       Худалдан авах

Цөөн тооны сурах бичгийг сугалаагаар олгож байна гэсэн асуудал нийгэмд бий болоод байна. Энэ буруу. Ийм асуудал гаргаж байгаа сургуулиудад зөвлөн туслаж байгаа. Нэгдүгээрт, зорилтот хүүхдүүдийг тодорхойлоод номы сангаас үнэ төлбөргүй олгох ёстой. Үлдсэн хэсгийг нь түрээсэлнэ.2019-2024 онд бүх сурах бичиг ЕБС-иудад ашигласан буюу 350 мянган багцыг 83 мянган хүүхэд ашигласан. Одоо 350 мянган багц сургуулиудад бэлэн байна.

Сурах бичиг 100 мянган төгрөг байгааг үнэтэй байна гэдэг асуудал яригдаж байна. Нэг сурах бичгийн үнэ өмнө нь дангаараа 20-100 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Тиймээс энэ жилээс сурах бичгийн захиалгыг цахимаар авдаг болно. Улмаар тухайн захиалгын дагуу анги удирдсан багш хүүхдэд сурах бичиг захиалж өгнө. Төлбөр тооцоо ч гар дээрээс биш, цахимаар төлөгдөнө. Мөн дараа төлбөрт буюу дөрөв хувааж өгч болохоор зохицуулсан.

Үнэ нь ашигласан жилээсээ хамаараад 18.000-34.000 төгрөг байгаа. Багц сурах бичгийн үнэ нь 94.000-129.000 төгрөг болно. Үүнийг хувааж төлөх боломжтой. Тиймээс aplus.mn вэбсайтаар дамжуулж захиалгаа өгөх бөгөөд хөдөө орон нутагт ч хүргэлтээр ажлын 5 хоногт хүргэгдэнэ. Мөн ээж аав захиалга өгч болохоос гадна сургуулийн зүгээс ч шаардлагатай тоогоороо захиалж болно. 

Одоогоор сургуулийн номын сангаар дамжин төлбөртэй ашиглуулж буй түрээсийн сурах бичгийн үнэ БШУ-ны сайдын тушаалаар тогтоосноор 18-33 мянган төгрөг байна" гэв.