Н.САРАНГЭРЭЛ

 

Дарханд очсоных найзынхаа ээжтэй мэнд мэдэхээр гэрт нь очтол эзгүй таарлаа. Хаачсаныг нь асуутал ач нь “Эмээ өдөр өнжүүлэхдээ явсан, орой л ирнэ” гэв. Эмээгийн явсан “өдөр өнжүүлэх”-ийг сураглатал тэдний баг Ахмадын хөгжлийн төвийн таван өдрийн багц үйлчилгээнд хамрагдах хуваарьтай. Өглөөнөөс орой хүртэл төвдөө байрлаж эмчилгээ сувилгаанаас гадна сургалтад хамрагдаж завгүй ч зугаатай өнгөрдөг энэ үйлчилгээгээ ахмадууд “өдөр өнжүүлэх” хэмээн өхөөрдөн нэрлэдэг аж.

Дархан-Уул аймагт олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний анхны жишиг Ахмадын хөгжлийн төв таван жилийн өмнө үүдээ нээсэн.

Азийн хөгжлийн банк, улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон тус төвийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, ахмадууд очих дуртай газрын нэг болоод буй юм байна.

Угтах үүднээсээ л цэвэр цэмцгэр энэ төвд ахмадууд зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж ханддаггүй. Тэд өөрт шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна боловсролын, хөгжлийн төрөл бүрийн сургалтад хамрагддаг. Мөн тохилог номын санд тухлан сууж дуртай номоо унших гэж, уншиж дуусаагүйгээ гэр рүүгээ авч явах гэж ирдэг гэж байв. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгээр хэрэгжсэн “И-Цагаан толгой” төслийн хүрээнд цахим номын сантай болж, улмаар зөвхөн унших биш сонсох боломж бүрдсэн нь дэлгэц удаан ширтэж нүд өвдөхгүй амар болсон гэнэ.

Номын санд болдог компьютерын сургалтад ахмадууд их дуртай бололтой. Цахим ертөнцөөр аялж ертөнцийн сонин сайхнаас  бусадтайгаа хуваалцахаас гадна хол газарт суугаа үр хүүхэд, ах дүүс, найз нөхөдтэйгөө хэн нэгний дэмжлэггүйгээр холбоо барьж, нүүр нүүрээ хараад дэргэд мэт ярьж чаддаг болсон хэмээн сэтгэгдлээ хуваалцах ная хол гарсан ахмад настантай ч таарсан.

Дарханы ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай болсон Ахмадын хөгжлийн төвийн дарга Даваагийн Хүрэлчимэгтэй байгууллагынх нь үйл ажиллагааны талаар тодруулж товчхон ярилцлаа.

 

Д.Хүрэлчимэг: Бидэнд гавьяаныхаа амралтад гарсан салбар бүрийн чадварлаг ахмад мэргэжилтний том нөөц бий

 

-Ахмадууд танай төвөөс ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

-Дархан-Уул аймаг дөрвөн сум, 26 багтаа 13,8 мянган ахмад настантай. Манай төв орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулж, аймгийнхаа ахмадуудад гурван төрлөөр үйлчилгээ үзүүлж байна. Нэгдүгээрт, таван өдрийн багц үйлчилгээ. Энд хамрагдах ахмадууд өөрийн харьяалагдах баг, Ахмадын зөвлөлөөр дамжин илгээх бичиг авна. Амралтанд явахдаа авдагтай адил илгээх бичгээ авч ирээд өглөө 8:30 цагаас орой 17:00 цаг хүртэл иж бүрэн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. Үүнд хоол, эмчилгээ, сувилгаанаас гадна боловсролын болон хөгжлийн үйлчилгээнүүд багтана. Мөн өдрийн багц үйлчилгээ гэж байна. Найз нөхдөөрөө нийлээд, эсвэл аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх Ахмадын зөвлөл сар шинэ, Ахмадын өдөр гэхчилэн баяр ёслолоор ахмадуудаа амраах зорилгоор хандахад бид нэг өдрийн багц үйлчилгээг санал болгодог. Энэ үйлчилгээнд хамрагдахад өдрийн хоолны мөнгө 10 мянган төгрөг Төрийн санд тушаагаад манайхаас эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм.

-Танай төвд явдаг сургалтууд эдгээр багцад хамаарах уу?

-Хамааралгүй яах вэ. Өдөр бүрийн үйлчилгээ гэж байгаа. Жил бүрийн есдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 10 гаруй төрлийн сургалтад ахмадууд хамрагдах боломжтой. Монгол бичиг, компьютер, япон, англи хэл, нэхмэл, ногоо тарих, дуу, бүжгийн зэрэг сургалт явуулдаг.

-Сургалт явуулах багш боловсон хүчин хангалттай байдаг уу?

-Бидэнд гавьяаныхаа амралтад гарсан салбар бүрийн чадварлаг ахмад мэргэжилтний том нөөц бий. Тиймээс сургалтуудыг манайхан өөрсдөө хийхээс гадна тэдгээр ахмадуудаас урьж ажиллуулдаг. Төрийн үйл ажиллагааны үндсэн бичиг баримтыг монгол бичгээр явуулдаг болж буйтай холбоотойгоор ахмадуудаас монгол бичиг сурах, зарим нь сэргээх хүсэлтэй байсан тул бид монгол бичгийн сургалт явуулж эхэлсэн. Дарханы монгол хэлний чадварлаг багш нарын нэг  Цэцэгмаа багш энэ сургалтыг зааж байна. Номын сангийн эрхлэгч маань компьютерын сургалтыг гэхчилэн ахмад, залуу үе хосолсон багш нарын бүрэлдэхүүнтэй. Мөн хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээг туршлагатай ахмадууд маань үзүүлдэг.

-Ачаалал ихтэй юу. Өдөрт ер нь хэчнээн хүнийг хамруулах боломжтой юм бэ?

-Таван өдрийн багц үйлчилгээнд хамрагдах хүнийг төвийнхөө орны тоонд тааруулдаг. Манайх 31 ортой учраас долоо хоногт 30-32 хүн хүлээж авна. Өдөр бүрийн болон өдрийн багц үйлчилгээнд 15-50 ахмадыг хүлээж авах боломжтой. Төрөл бүрийн сургалтад 20-30 ахмад гээд тооцохоор манайхан өдөрт 80-100 хүнтэй ажилладаг. Өнөөдөр жишээ нь Дархан сумын ахмадууд таван өдрийн багц сургалтынхаа хаалтыг хийх гэж байна. 

-Хамгийн олон хүн амтай нь Дархан сум болохоор танай үйлчлүүлэгчид голдуу төвийнхөн байдаг байх?

-Дархан-Уул аймаг хуучнаар Монгол Улсын аж үйлдвэрийн хоёр дахь том төв Дархан хотын суурин дээр байгуулагдсан учраас аймгийн нийт ахмад настны 90 хувь нь Дархан суманд харьяалагддаг. Тиймээс үйлчилгээ авч буй хүмүүсийн дийлэнх нь төвийнх учраас бид Дархан сумын Ахмадын хороотой нягт уялдаатай ажилладаг. Алслагдсан Хонгор, Орхон, Шарын голын ахмадууд үйлчилгээ авах бол төвдөө байрлаад бүх үйлчилгээндээ хамрагдаад явдаг.

-Насны хязгаар тавьдаг уу. Хамгийн ахмад нь хэдэн настай үйлчлүүлэгч байсан бол?

-Ахмад настны тухай хуульд 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад гэж үзнэ гэж заасны дагуу үйлчилдэг. Манайд үйлчлүүлсэн хүмүүсийн хамгийн өндөр настай нь 97-той байсан. Ахмадад үзүүлэх үйлчилгээ төвдөө суурилсан. Манай аймгийн 13.8 мянган ахмадын 70 хувь нь нийгмийн харилцаанд оролцох боломжтой буюу өөрөө ирээд сургалт, хөгжлийн үйлчилгээ авч чадах хүмүүс байдаг. 20 хувь нь хоёрдугаар түвшний буюу таягтай, тэргэнцэртэй, хэн нэгний тусламжгүйгээр төвдөө ирэхэд хүндрэлтэй ч үр хүүхэд нь авчраад үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгаа бий. Ингээд тооцохоор нийт ахмадуудын 90 хувь нь Ахмадын хөгжлийн төвд ирээд  үйлчилгээ авах боломжтой хүмүүс байна гэж үздэг.

-Ирж үйлчлүүлэх боломжгүй ахмадууд хэр олон байдаг вэ?

-Үлдэх 10 хувь буюу 1200 орчим хэвтрийн, хүнд өвчтэй асаргаатай ахмадууд байдаг. Энэ хүмүүсийг ч бид үйлчилгээний гадна үлдээхгүйг хичээж тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх олон улсын жишгээр явуулын үйлчилгээний мэргэжлийн багийг ажиллуулдаг. Явуулын үйлчилгээг төлөвлөгөөт болон дуудлагаар гэсэн хоёр хэлбэрээр үзүүлж байна. Төлөвлөгөөт гэдэг нь багуудад хуваарийн дагуу явж үзлэг хийх, сувилахуйн болон сэтгэл зүйн зөвлөгөө  дэмжлэг үзүүлэх, бариа засал хийх, асран хамгаалагчдад зөвлөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Энэ багт их эмч, бариа заслын сувилагч, нийгмийн ажилтан, асаргааны ажилтнаас гадна төрийн болон ТББ, иргэд, сайн дурын ажилтнуудыг урьж оролцуулдаг шинэлэг хэлбэрийг хэвшүүлээд байгаа. 

-Танай төвд ахмадын хэл заслын хичээл явдаг гэсэн. Энэ ямар хүмүүст зориулсан үйлчилгээ юм бэ?

-Энэ их чухал үйлчилгээ. Нас ахих тусам хүний бусадтай харилцах харилцаа багасаж байдаг. Түүнийг дагаад хэл ярианы хувьд чухал булчингуудын үйл ажиллагаа суларч байдаг. Манай мэргэжлийн хэл засалч ажилладаг. Ахмад настантай ажиллах хэл засалч гэдэг утгаараа улсад цөөхөн байгаа мэргэжилтэн манайд ажиллаж, ахмадуудад тусалж байна.

-Гадаад хэлний сургалтад ахмадууд хэр хамрагдаж байна?

-Манай байгууллага Японы ЖАЙКА байгууллагатай хамтарч ажилладаг юм. Энэ хүрээнд япон хэлний сургалт явуулдаг. Өмнө хоёр жил бид Японд асаргааны чиглэлээр ажиллах хүмүүст япон хэл заасан туршлагатай.

Англи хэлний хувьд үр хүүхэд нь гадаадад амьдардаг хүмүүс голдуу хамрагддаг. Тэд хүүхдүүд дээрээ очиход ядаж дэлгүүрт очоод талхаа авчихдаг баймаар байна гэдэг юм. Энэ мэтээр манай ахмадуудын олонх нь аливаа хөгжлөөс хоцрохгүй юмсан гэх чин хүсэлтэй байдаг учраас бид аль болох үүнд нь дэмжлэг үзүүлэхийг хичээж ажилладаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.