Д.Мягмаржаргал  

Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-аас галлагааны улирал эхэлнэ. Тэгвэл энэ өвөл агаарын бохирдол бууруулах зорилгоор хагас коксон болон мидлинг нүүрс хэрэглэхээр болсон. Ингэхдээ хагас коксон нүүрсийг БНХАУ-аас худалдан авна. Нийт 400 борлуулалтын цэг дээр сайжруулсан түлш болон хагас коксон түлш худалдаанд гарах ба ингэхдээ гудамж талбайн  нэгдүгээр эгнээнд буюу явган хүн болон машины зам дагуу байршуулалт хийхгүй, хоёр болон гуравдугаар гудамжаар худалдаа борлуулалт хийх зохицуулалтыг ханган ажиллаж байгаа аж. Энэ талаар өчигдөр НЗД орлогч А.Амартүвшин “Сайжруулсан түлш буюу мидлингийг энэ сарын 15-аас 25кгийг нь 3750 төгрөгөөр борлуулна. Харин хагас коксон нүүрсийг аравдугаар сарын 1-нээс 25кг-ийг нь 5000 төгрөгөөр борлуулна. Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө ШУ академи,хими, химийн технологийн хүрээлэнд дээжийг нь өгч Хятад,Орос,Солонгос зэрэг улсын лабораторийн бүх туршилтыг хийлгэхэд хүхэрлэг хий сайжруулсан түлштэй харьцуулахад 89.2 хувиар бүгд буурсан үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, азотын исэл 72.6 хувь, угаарын хий 24.5 хувь, нийт тоосонцор буюу PM 2.5, PM10 буюу  уушгинд шүүгдэхгүйгээр цус руу ордог энэ тоосонцор нь 68 хувиар  буурсан. Энэ хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сард 51000 айлыг ухаалаг угаар мэдрэгчид холбосон. Энэ сард дахин 61000 айлыг холбохоор төлөвлөж гүйцэтгэх ажлууд хийгдэж байна. Сарын сүүлд дахин төлөвлөлтөөр 45000 айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулахаар санал дэвшүүлээд байна. Салбарын мэргэжилтнүүдийн мэдээлснээр хагас кокс нь нүүрсний хамгийн дээд боловсруулсан хувилбар бөгөөд энэнээс цааш ахуйн хэрэглээнд хэрэглэх дэвшилтэт технологи дэлхийн хэмжээнд байхгүй гэх мэдээлэл өгсөн” гэв.  Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш, 306.000 тонн хагас коксыг борлуулалтад гаргахаар бэлтгэл ажил хангагдан ажиллаж юм байна. Энэ тухай Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Хагас кокос гэдэг нь бор нүүрсийг 600-800 хэмд жигнэн хүхэр, дэгдэмхийг нь унагааж боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Энэ нь сайжруулсан түлшнээс 2-4 цагаар илүү удаан шаталттай нь туршилтаар батлагдсан. Мөн орчны дулаан алдалтыг анхаарч бууруулснаар  эдийн засаг эрчим хүчний хэмнэлт 50-60 хувиар хэмнэгдэнэ гэдгийг уриалга болгон иргэддээ зөвлөж байна” гэлээ.