П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

Арав орчим улсын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо

 

МУИС-ийн номын сан жил бүрийн есдүгээр сард соёл, урлагийн ажилтны өдрөөр “Номын сан: Өнөөдөр, маргааш” форумыг уламжлал болгон зохион байгуулдаг. Харин энэ жил форумын хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор олон улсын хүрээнд хэлэлцэж  байна. Ингэхдээ сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхийг зорьжээ.

МУИС энэхүү форумыг дөрөв дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн жил бодлогын бичиг баримтын хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэх чиглэлийн хүрээнд болсон. Тус хэлэлцүүлэг ажил хэрэг болон хэрэгжиж Номын сангийн тухай хуулийг шинэчлэхээр соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрамын баг ажиллаж байгаа билээ.

Номын сан нь өдгөө зөвхөн ном хадгалах газар төдийгүй судалгаа шинжилгээ эрхэлдэг, сургалт үйл ажиллагаа явуулдаг, мэдлэг бүтээх үйл явцыг дэмжигч байгууллага болон хөгжиж байна. Цаашлаад номын сангийн үйлчилгээ хялбаршиж, уламжлалт арга барилын өөрчлөлтөд хиймэл оюун ухааны дэвшил нөлөөтэй байгаа ажээ. Түүнчлэн  академик номын сангууд дэлхий нийтээс суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлага тодорхойлох, хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Ийнхүү тус форумд арав орчим улсын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, 16 илтгэл хэлэлцүүлж байна. 

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.