Ж.Ичинхорлоо, гэрэл зургийг Р.Оюун
Соёлын өвд нөлөөлөх гамшгийн эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцсэн “Соёлын өв ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг Үндэсний номын санд боллоо. Энэ арга хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулахын чухлыг онцолж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тодотгов.
Хэлэлцүүлэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон Байгаль, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл нь соёлын өвд төдийгүй биет бус өвийн нэг хэсэг болох малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг суурь судалгаанд тулгуурлан танилцууллаа. Тэд хийж буй ажлаа нэгтгэн, цаашид хамтран ажиллахыг санал болгосон юм.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Амаржаргал малчин өрхөд уур амьсгалын өөрчлөлт жендэрийн түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судалсны үндсэн дээр чадавх үнэлэх гарын авлага боловсруулсан талаар мэдээлэв. Энэ судалгаагаар малын хорогдол, сэг зэм устгал, вакцинжуулалт, өрхийн өр зээл, хүн ам болон малын бүртгэл гэсэн олон талын мэдээлэл гарч ирдэг. Эхний байдлаар цаасан хэлбэрээр гарсан гарын авлагыг цаашид цахим болгох зорилго тавьжээ.
Хэнтий аймгийн соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын соёл, урлагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсувд “Энэ төсөл амжилттай үргэлжилж бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлснээр түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих, бүсчилсэн хөгжилд эерэгээр нөлөөлөхач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Эх сурвалж www.zms.mn