Д.МЯГМАРЖАРГАЛ

 

Хаалгаар ормогц намуухан сонгодог ая эгшиглэсэн танхимд дөнгөж хэвлэлтээс гасран шинэ номны үнэр содон. “Бизнесийн сонгодог 50 бүтээл” номын нээлт эхлэхэд хэдхэн хором үлджээ. Английн философич Том Батлэр-Боудоны ‘’Бизнесийн сонгодог 50 бүтээл’’ номыг Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу тоймлон орчуулж, Нэпко хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж, олны хүртээл болгожээ. 

Тус номыг ЭЗБӨЧСТ-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан редакторлсон байна. Энэхүү номыг орчин үеийн Бизнесийн сэтгэлгээ, удирдлага, инновац, стратеги, нийгмийн хариуцлагын талаарх шилдэг үзэл баримтлал туршлагыг нэгтгэсэн онцгой бүтээл гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг аж. Бизнес бол эрсдэл, сорилт, сэтгэлгээ, шаргуу хөдөлмөр зэргийн хослол бөгөөд улс үндэстний эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр гэдгийг энэ номд онцгойлон өгүүлжээ. 

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу энэ номыг орчуулах болсон шалтгаанаа ингэж ярьж байна.  "Өмнөх зууны онцгой номуудын охь тайлбар бүхий “Бизнесийн сонгодог 50 бүтээл” ном нь аугаа энтерпрейнерүүдийн намтар, менежментийн суут сэтгэлгээ болон стратеги, инновац, маркетингийн талаарх амьдралаар туршигдсан санаануудыг урьд өмнө нь хэзээ ч ингэж тодорхой хялбаршуулсан байдлаар гаргаж байгаагүй учир монгол хэлнээ орчуулан олон хүнд хүргэхийг зорьсон” гэсэн юм.

Тус номноос, энтерпрейнер гэж хэн болох, тэдний үүрэг, амжилттай менежмент гэдэг нь зөвхөн удирдагчийн авьяас бус, бүтээлч системтэйг шууд холбоотойг, инновац ба шинэчлэл байхгүй бол бизнес зах зээлээс шахагддаг хатуу үнэнийг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг удирдагч нар хэрхэн дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүс болсон тухай, стратегийн сэтгэлгээ зах зээлд тогтвортой байр суурь эзлэхэд ямар ач холбогдолтойг, нийгэмд  буяны сэтгэлээр ханддаг, бусдад зам нээдэг бизнесийн манлайлагчдын тухай бодит түүхүүдийг шимтэн унших болно. 

Харин тус номын Ерөнхий редактор П.Цагаан хэлэхдээ “Дэлхийн алдартай 50 бизнесмэн хүний унаж боссон, алдаж бүдэрсэн ч бизнесээ яаж одоог хүртэл амжилттайгаар авч яваа тухай энэ номыг өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, бизнес эхлүүлэх хүсэлтэй хүмүүс уншихад маш олон санаа авна гэдэгт итгэлтэй байна. Судалгаанаас харахад монголчууд ихэвчлэн бизнес эрхлэх ихээхэн сонирхолтой байдаг нь харагдсан. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд найдвартай тогтвортой ажил хийх сонирхолтой байдаг бол манай монголчууд бүгд бизнес эрхлэх баян болох хүсэлтэй байдагт энэ ном маш олон санаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэв. 

Дэлхийн шилдэг энэ бүтээл нь 15 орны хэл дээр хэвлэгдэн гарсан байдаг ба зөвхөн бизнес эрхлэгчид, сонирхогчид бус, шийдвэр гаргагчид, өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон хүн бүрд зориулагджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 166 (7663)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.