Ж.ИЧИНХОРЛОО

 

Шөнө болсон ч гэсэн Хөшигийн хөндий олон улсын нисэх буудал хөл хөдөлгөөн ихтэй, баярын уур амьсгалаар дүүрэн байлаа. Учир нь Монголын өсвөрийн охидын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирж байна. Тэднийг угтан авахаар ахмад буурлууд улаан тэрмэн тэрлэгээр гоёж, мөнгөн аягатай сүү, ааруул, хадгаа барин догдлон хүлээж буй нь энэ юм. Тамирчид зорчигчдын гарцаар гарч ирэх мөчид Дотоод хэргийн их сургуулийн бүрээ эгшиглэж, танхим баярын алга ташилтаар цуурайтлаа.

-57 кг-д алтан медаль хүртсэн охин энгэртээ медалиа гялалзуулсаар гарч ирэхэд ар гэрийнхэн нь тэвэрч үнэрлэн, хадаг өргөн угтлаа. Энэ мөчийг олон хүн гар утсаараа зураг, бичлэг болгон мөнхөлж байв. Алт, хүрэл медаль хүртсэн тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Алтан медалийн эзэн Машбатын Цэндбазар: Намайг дэмжсэн багшдаа баярлалаа

 

-Сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жилийн шархаа нөхөж энэ жил аварга боллоо. Энэ тэмцээнд гурван жил дараалан оролцоод, энэ удаа түрүүлсэндээ баяртай байна. Таван тойрог барилдсан.

Эхний барилдаан хүнд байсан. Дараа дараагийнхаа өрсөлдөгчтэй зоригтой барилдсан.  Намайг тууштай дэмжсэн багшдаа баярлалаа.

 

Ганхуягийн Энхжин: Дараагийн тэмцээндээ илүү хичээнэ ээ

-Монгол Улсаа төлөөлөн оролцож 57 кг-д хүрэл медаль авсандаа баяртай байна. Дараагийн тэмцээндээ илүү их хичээх болно. Найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна. Хүрэл медалийн төлөө Оросын тамирчинтай таарсан ч олон удаа мэхээ давтаж байсан болохоор ялсан. Медалийн төлөө барилдаж ялчихаад дасгалжуулагч руугаа харахад их баярлаж байсан. 

 

Баярзулын Хулан: Анх удаа дэлхийн аваргын тэмцээнээс медаль авлаа

 

-Энэ бол миний гурав дахь том тэмцээн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож хүрэл медаль авсандаа баяртай байна. Дасгалжуулагчдаа баярлалаа. Өсвөрийн ангиллаас хасагдахад хоёр жил байгаа. Энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийж, хоёр удаа аварга болох зорилт тавьсан.  хэмээн тамирчид маань сэтгэгдлээ хуваалцлаа.

Болгарын нийслэл Софи хотноо болсон өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 71 орны 551 жүдоч хүч сорин өрсөлдсөн юм. Монгол Улсаас 20 тамирчин татамид хүч үзснээс охидын  -57 кг-ын жинд М.Цэндбазар алт, Г.Энхжин хүрэл, -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртсэн. Багийн төрлийн барилдаанд манай улсын холимог баг B хэсэгт Тайвань болон IJF-ийн багийг ялсан ч хагас шигшээд Узбекистанд, хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшид ялагдаж, тавдугаар байрт шалгарсан.

Энэ удаагийн өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээнд Япон улс багийн төрөлд түрүүлж, Узбекистан мөнгө, Польш хүрэл медаль хүртсэн юм. Монголын жүдочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт орсон амжилтаар тэмцээнээ дуусгалаа. Өсвөрийн жүдоч гурван охин дэлхийн аваргаас медальтай ирсэн нь Монголын спортын ирээдүй гэрэлтэй байгаагийн тод жишээ боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 165 (7662)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.