Ж.ИЧИНХОРЛОО
Үзэсгэлэнгийн танхимд ороход “Симба” болон хүүхэлдэйн киноны баатрууд амьд мэт угтаж, араас нь бодит ертөнцийн амьтад хүүхэд бүрийн анхаарлыг татна. Тэжээвэр амьтан, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагч, хөхтөн, махчин гэсэн төрөл бүрийн амьтдыг нэг дор харж бүр хүрч мэдрэх, заримд нь гар хүрч үзэж, хамтдаа зургаа авахуулах боломжтой аж. Энэ амралтын өдрүүдэд “Степпа Арена”-д хүүхэд багачуудад зориулсан, адал явдал, танин мэдэхүйгээр дүүрэн нэгэн онцгой үзэсгэлэнг нээж байна. Монголд өмнө нь байгаагүй олон төрлийн амьтдыг нэг дор цуглуулсан уг арга хэмжээг “Амазон зоо парк” болон “Даймон циркус”, “Амазон стори”, “Энтэр медиа” агентлаг хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр 400 гаруй амьтныг хүүхэд, багачуудад сонирхуулах ажээ.
“Amazing zoo park”-ийг зохион байгуулагч Б.Ганбат “Бид амьтдыг төрөл зүйлээр нь ангилан дотоод зохион байгуулалт хийсэн. Эцэг эх, ахмадуудад зориулж тав тухтай амрах чилл зооныг бүрдүүлж өгсөн. Гадаадын орнуудад байдаг “Муурны кафе” үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн энтертайнмент зүйлүүд байгаа" гэсэн юм.
Харин “Даймон циркус”-ын үүсгэн байгуулагч Н.Дашдэндэв циркийн дасгалжуулагч мэргэжилтэй. Монголын хамгийн анхны танин мэдэхүйн үзэсгэлэнг нээж байгаадаа баяртай байгаа. Таван жилийн өмнөөс бэлтгэл ажлаа эхэлсэн.
Энэ арга хэмжээний гол онцлог нь амьтдад хүрч үзэж болно. Хамгийн ойроос амьтадтай байх байгаль эх дэлхийн гайхалтай амьтдыг нэг дор цуглуулсан гэсэн бол “Амазон стори”-гийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр “Үзэсгэлэн өдөр бүр 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. Насны хязгаар тавихгүй. Аюулгүй байдлыг хангахын тулд тусгай ажилтнууд хяналт тавина” гэв.
Мөн “Энтэр медиа” агентлагийн гүйцэтгэх захирал Б.Энх-Анужин “Монголд байдаггүй, гадаадын улсуудаас авчирсан амьтдыг харуулах гэж байна. Хоёр жилийн хугацаанд ярилцаж, хүүхдүүдэд зориулсан жил бүрийн уламжлалт арга хэмжээ зохион байгуулах санаачилга дээрээ тулгуурлан хөрш орнуудтай хамтран ажилласан” гэдгийг онцоллоо. Зохион байгуулагчдын хэлснээр Монголын хүүхдүүд дэлхийн бүх амьтдыг харах боломжгүй. Тиймээс энэ үзэсгэлэнгээр дамжуулан анх удаа “Бэмби”-г үзэх, олон төрлийн амьтдыг нэг дор харах боломжийг бүрдүүлжээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ авчраад аз жаргалтайгаар хамтдаа цагийг өнгөрөөхөөс гадна өөрсдийн багын мөрөөдлөө хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүссэн гэж зохион байгуулагчид хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 165 (7662)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.