Рагчаагийн ОЮУН
2025-2026 оны хичээлийн жил эхэлж хүүхдүүд баяр хөөртэйгөөр аав ээж, ах эгч, эмээ өвөөдөө хөтлүүлэн элдвийг ярилцан цэцэрлэг, сургуульдаа явж байгаа нь хэний ч хайрыг татна. Нийслэлийн хэмжээнд энэ жил нэгдүгээр ангид 41 мянган хүүхэд сургуулийн алтан босгыг алхан орж байна. Тэгвэл тэдний сэтгэгдлийг эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. Базарсүрэнгийн Нандинболор охин цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс сургуулийн алтан босгыг алхан орж байгаадаа өөртөө нэг л итгэлгүй, гайхаж байгаа нь түүний нүүрнээс илт мэдэгдэж байлаа. Тэрээр өмнө нь ийм олон хүүхэд харж байгаагүй болохоор биеэ барьсан, гайхшралын байдалтай хичээлийн хэрэглэлээ хямгадана. Багш нь түүнээс “Сургуульд орох гоё байна уу Нандинболороо” гэхэд нь шинэхэн өмссөн сурагчийн дүрэмт хувцсаа барьж үзэн инээмсэглэх нь эгдүүтэй байлаа.

Б.Нандинболор охины ээж Д.Оюунчимэг “Би 39 жилийн өмнө ааваараа хөтлүүлээд, 25 төгрөгийн сумтай үзэг бариад нэгдүгээр ангид орж байлаа. Одоогийн үетэй харьцуулахад их даруухан байжээ. Нэгдүгээр ангийн багш маань буддаг ном өгөөд, аавд маань ийм жаахан хүүхдэд үнэтэй үзэг бариулж болохгүй. Дөрвөн төгрөгийн хар үзэг байгаа гэж хэлээд гаргаж байсан. Үсгээ үзэж дуусаад үсэглэлийн баяраа хийхэд Д үсэг болж байлаа. Өнөөдөр миний охин 1д ангид орлоо. Миний санаснаар болдог бол охиноо үсэглэлийн баяраараа Д үсэг болоосой гэж бодож байна. Энэ жил нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Батмэндийн Мөнхцэлмэг: Сургууль маань надад таалагдлаа
-Сургуульдаа ороод шинэ цүнх, дэвтэр, харандаатай болсон. Өглөө анх удаа дүрэмт хувцаа өмсөөд сургуульдаа явахдаа их догдолсон. Ангидаа ороход багш маань инээмсэглэж угтаж авсан нь маш сайхан санагдсан. Бас олон шинэ найзуудтай танилцсан. Бид цуг тоглож, хичээлдээ сууж эхэлсэн. Сургууль маань надад маш их таалагдаж байгаа. Би өдөр бүр хичээлдээ ирж, сайн сураад ээж аавыгаа баярлуулна гэж бодож байна. Бас өдөр унт, унт гэхгүй байгаа нь гоё байна.
Ээж Т.Номиндарь: Үр минь амьдралынхаа нэгэн чухал алхмыг хийж байна
-Саяхан л ээжийнхээ гэдсэнд байсан бяцхан үр минь ингээд сургуульд орж, шинэ амьдралынхаа нэгэн чухал алхмыг хийж байна. Өглөө дүрэмт хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд гарахыг нь хараад өөрөө нэгдүгээр ангид орж байгаа юм шиг л догдоллоо. Миний хүү сайн өсөж торниод, олон найзтай болж, мэдлэг боловсрол эзэмшинэ гэж бодохоор баярлаж, ирээдүйнх нь төлөө догдолж байна. Хүүгээрээ маш их бахархаж байна. Цаашдаа сурлагадаа шамдаж, сайн хүн болж өснө гэдэгт итгэлтэй байна.
Бүжинлхамын Азжаргал: Багш нь гоё санагдсан
-Сургуульд орох гоё байна. Өнөөдөр би шинэ хувцас өмсөөд нэгдүгээр ангид орж, зөндөө олон найзуудтай болсон. Багш нэг ном өгөхөд нь би тэрэн дээр гэр бүлийнхээ хүмүүсийг зурж, будсан. Хичээл хийх бас багш нь надад гоё санагдсан. Би том болоод багш шигээ мундаг багш болно.
Ээж Г.Бүжинлхам: Буцаад хүүхэд насандаа очмоор санагдлаа
-Охиноо хараад өөрөө орж байгаа юм шиг догдолсон. Буцаад хүүхэд насандаа очмоор санагдлаа. Би 26 жилийн өмнө аавдаа үнсүүлээд, ээждээ хөтлүүлээд анх нэгдүгээр ангид орж байсан. Тэр үед олон хүүхэд хараад их гоё санагдаж билээ. Миний охин ирээдүйд итгэл дүүрэн, нийгэмдээ хэрэгтэй хүн болно гэдэгт ээж итгэж байгаа.
Бямбажавын Учрал: Сургуульд орох гоё байна
-Намайг Учрал гэдэг. Би Эрдмийн өргөө сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцахаар болсон. Үеийн найзууддаа баярын мэнд хүргэе. Сургуульд орох надад маш гоё санагдаж байна. Үдийн цай нь гоё санагдлаа. Олон найзуудтай болох юм шиг байна аа. Одоо би онц сураад, алаад өгнө өө.
Ээж Г.Аззаяа: Энэ жил илүү туршлагатай байлаа
-"Жил дараалан хоёр хүү төрүүлсэн. Өнгөрсөн жил ах нь нэгдүгээр ангид орсон болохоор энэ жил арай илүү туршлагатай байлаа. Бүх хөөрхөн хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монголынхоо ирээдүйг улам өнгөлж яваарай үрс минь. Яг өөр дээр энэ мөч тулаад ирэхээр бас гоё мэдрэмж байдаг юм байна. Улам их хариуцлага нэмэгддэг юм байна лээ" хэмээн ээжүүд ярьж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 162 (7659)