Ч.Бямбахажид
Баянзүрх дүүргийн I хороо, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төв орчмын 3 га газрыг ногоон байгууламжийг устган хууль бусаар орон сууцны хотхон барихыг эсэргүүцэж буй оршин суугчид суулт хийх талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Иргэдийн төлөөлөл н.Цэнд-Очир “Бид бол РЦНК орчмын оршин суугчид. Энэ хавьд анх маш том талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэн байсан. Гэтэл одоо гурван га ч хүрэхгүй бага газар үлдсэн. Энэ багахан газарт дахиад 20 давхар барилга барьчихвал түгжрэл нь дийлдэхгүй. Тиймээс барилга бариулахгүй гэж оршин суугчид 2012 оноос хойш тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд бүх л шатны албан тушаалтнуудтай уулзаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ газрын цаана гурван компани байгаа талаар яригдаад байгаа. Ер нь компаниудын хоорондоо булаалддаг л талбар болсон бололтой. Ингэж байгаад өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр хашаа босгоод барилгын ажил эхлүүлчихсэн. 2023 онд одоогийн ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг УИХ-ын гишүүн байхдаа энэ газарт ирж бидэнтэй уулзсан. Тухайн үедээ маш олон амлалт бидэнд өгсөн. Гэтэл одоо энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй л байна. Мөн нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон бусад албаныхан ч бас уулзсан. Тэгээд энэ талаар барилгын компанитай нь хэлэлцээр хийнэ гэсэн ч одоог хүртэл ямар нэг шийдэл гаргаагүй. Нөгөө барилгын компани нь ажлаа эхлүүлчихсэн, нэг давхар руугаа орж байна” гэв.
Хотын иргэдэд шинэ барилга биш цэцэрлэгт хүрээлэн, ахмадууд нарлах, хүүхдүүд тоглох талбай, өглөөний гүйлт хийх зам талбай хэрэгтэй байгааг мөн тэд онцолсон юм.
Иргэд дээрх асуудлаар 2012 оноос хойш тэмцэж, ойр орчмын 4.000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулж, өмнө нь барилгын хашаа баригдсан даруйд иргэд хүчээр буулган эсэргүүцлээ илэрхийлж ирсэн ч наадмын үеэр барилгын зөвшөөрөл өгснөөр тэмцэл нь мухардаж байгааг иргэд хэлж байлаа.
Энэ үеэр иргэдийн зүгээс хэд хэдэн дүгнэлт танилцуулсан юм. Тэд “Шинэ Засгийн газар ард иргэдээ сонсоно гэж амлалт өгсөн. Гэтэл манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, одоогийн ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хотоо яаж төлөвлөх гэж байгаа нь ойлгомжгүй. Яг наадмын үеэр дөрвөн компанид барилгын зөвшөөрөл өгчээ. Ингэснээр бидний тэмцэл мухардаж байна.
Мөн эрх мэдэлтнүүд газар дээр нь ирж танилцахдаа барилгын компаниудтай зөвшилцөнө гэдэг мөртлөө үр дүн гардаггүй. Бид олон удаа хүсэлт гаргасан ч албан тушаалтнууд энэ асуудал дээр хариуцлагагүй хандаж байна. Үүний тод жишээ нь нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр энэ газарт ирж бидэнтэй уулзаад ногоон байгууламж хэвээр нь авч үлдэнэ гэдэг амлалт өгсөн ч бодит байдал дээр зөрүүтэй байна. Олон хөтөлбөрүүд зарлагддаг боловч ард иргэдэд тэр нь хүртээлгүй болох нь харагддаг. Үүнд ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг онцолъё. Энэ гурван га газарт эрт дээр үеэс ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байсан. Улаанбаатар хотын нийт иргэдийн эрх ашгийн асуудал яригдаж байгаа тул намрын чуулганаар бид энэ асуудлыг УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан” гэлээ.
Уг асуудал шийдэлд хүрэхгүй хэвээр байвал иргэд суулт зарлахаа мөн мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 159 (7656)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.