М.ГАНЦЭЦЭГ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Г.Зоригт Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн үүргийг давхар хашихаар Нутгийн удирдлагын ордонд очжээ. Тэрээр Орхон аймгийн 10 дахь Засаг дарга юм. Г.Зоригт дарыг ажлаа авсан анхны өдөр “Эрдэнэт”-ийн орос, монгол орлогч захирлууд очиж баяр хүргэн ажлыг нь дэмжихээ илэрхийлсэн байна. Олон захирал Засаг даргад очиж баяр хүргэж хамтын ажиллагаа өрнүүлсэн нь анхны тохиолдол болжээ.

Том үйлдвэртэй то­моо­хон аймгийг удирдах баг энэ удаад Ардчилсан намын гишүүдээс бүрдэж байгаа юм. Орон нутгийн сонгуулиар тус нам Орхонд үнэмлэхүй олонх болсон. Өөрөөр хэлбэл, аймгийн Ардчилсан на­мын дарга Г.Зоригт “сайн уяач” гэсэн үг. Сонгуу­лийн өмнө тус аймгийг удирдах ноёдын нэрс орон нутгийн хэвлэлд гарсаар байв. Гэхдээ Г.Зоригт даргын нэр дуулдаагүй юм байна. Ардчилсан нам тус аймгийг удирдах боломж­той хүнээ нууцалж байсан гэх. Үйлдвэр, хот хоёрыг холбож Орхоныг хөгжүү­лэх чад­вартай боловсон хүчнээ ГОК-оос татсан бололтой.

Орхон аймгийн шинэ Засаг дарга Г.Зоригт уулын үйлдвэ­рийн инженер-эдийн засагч мэргэжилтэй юм билээ. Тэрээр “Эрдэнэт”  үйлдвэрээс ажлын гараа­гаа эхэлсэн бөгөөд ерөн­хий захирлын орлогч хүр­тэл олон жил ажилласан байна. Г.Зоригт 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УАААД сургуулийг уулын үйлдвэ­рийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөөд Геологи, уул уурхайн яам­ны томилолтоор “Эрдэ­нэт” үйлдвэрт Хүдрийн ил уурхайд норм зохиогч, тус үйлдвэрийн төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст ахлах инженерээр ажил­лаж байжээ. Дараа нь Үндэс­ний хөгжлийн яа­манд Уул уурхай ха­риуц­сан эксперт, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт дэд захирлаар ажиллаж байгаад “Монго­лын алт” корпора­цид инженер эдийн засагчаар  очсон бай­на. 1998-2000 онд  “Эрдэ­нэт”  үйлдвэ­рийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн ор­логч за­хирлаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн төрөлх үйлдвэртээ буцжээ. Харин  2001-2002 онд  тус үйлдвэрийн Бээжин дэхь Төлөөлөгчийн газарт менежерээр томилогдсон байна.

Г.Зоригт улс төрийн гал тогоонд ч чамгүй олон жил “чанагдсан” нэгэн. Тэрээр  2007 оноос хойш Орхон аймгийн Ардчил­сан намын даргаар ажилласан, тус намын ҮЗХ-ны гишүүн.  2010 оноос Монгол, Оросын хамтарсан уулын баяжуу­лах “Эрдэнэт” үйлдвэ­рийн ерөнхий захирлын нийгмийн асуудал ха­риуц­­­­сан орлогчоор ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон юм байна. Тэр анх удаа Нут­гийн удирдлагын ордонд очсон хүн биш. Төрийн ажилд ч туршлагатай хүн. 2004-2007 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажил­ласан. Г.Зоригт ху­вийн ч бизнестэй. Намт­раас нь үзвэл барилгын салбарт “Үйлс Конст­ракшн” компани бай­гуулж захирлаар нь ажилласан юм байна.

ГОК, Город хоёрыг холбогч гүүр нь Г.Зоригтыг гэж нутгийнхан ч ам сайтай байгаа аж. Өмнө нь Орхон аймаг дэргэдэх үйлдвэртэйгээ нэг л сайн хамтарч ажиллаж чадаагүй  гэх юм билээ. Тэгэхээр Г.Зоригт даргын үед хамтын ажиллагаа бэхжинэ гэж олон хүн итгэж, найдаж хүлээж байгаа нь илт. Түүнийг Засаг дарга болсон өдөр ГОК-ын удирдлагууд баяр хүргэж очихдоо ямар асуудал шийдвэрүүлэх вэ гэж хүсэлтийг нь сонссон гэсэн. Засаг дарга аймаг­таа хамгийн түрүүнд хэ­рэг­тэй зүйл нь цас цэ­вэрлэдэг машин хэмээ­жээ. Шинэхэн даргын хүсэлтийг ёсоор болгож аймаг цас цэвэрлэдэг машинтай болсон аж. Бас нэг ам дамжсан яриа Ор­хон аймагт очиход дуулд­сан. Нутгийн удирдлагын ордонд, төрийн албанд халаа сэлгээ хийж, ажил албагүй болсон хүн ховор гэсэн шүү. Харин сайн дураараа ажлаас чөлөө­лөгдөх хүсэлт бол мэр сэр байгаа гэж сонссон. Тэгэхээр Г.Зоригт дарга хүн халах солихоос илүү­тэй том хотынхоо хөгжлийг “барьж авсан” гэж болно.

Тэрээр аймгийнхаа www.erdenet.mn цахим хуудаст мэндчилгээ дэв­шүүлснийг олж уншлаа. Түүнд “Хов жив хөө­цөл­дөх, батлагдаагүй мэдээ­лэл цацах, цуу яриа тараах нь төрийн байгууллагын үйл ажиллагааны зарчим биш. Энэ зарчим www. erdenet.mn сайтад ч адилхан үйлчилнэ. Тэгээд төрийн захиргааны ордны долоо хоногийн ажлын товч тойм, агентлаг, газруудын үйл ажиллагааг хуурай магтсан цагаан мэдээ, хуульчид нь ч унш­даг эсэх нь тодорхойгүй хууль, журмаар энэ сайтад ачлага хийснээрээ төрийн үйл ажиллагааг олон түмэнд ойртуулсан нэр зүүх болж байна уу. Үгүй гэж би бодож байна. Ардчиллын үед төр өөрөө ард түмний бүтээл байдаг. Төрөө байгуулчихаад түүнээс үр шим хүртэж чадахгүй бол сайхан хоол хийчихээд идэж чадалгүй шүлсээ савируулж зогсохоос ялгаа юу байна. Тиймээс төрийг түмэн олонд ойр­туулж,төрийг өөрсдийн тусын тулд үр өгөөжтэй ажиллуулах үнд­сэн хөшүүрэг нь түүнийг иргэд өөрсдөө сайн шахаж өгөх явдал юм. Яаж шахах вэ. Нэгдүгээрт, мэдээл­лийн ил тод байдлыг нэхэж шахна. Хоёрдугаарт, ил тод мэдээлэл авсны үнд­сэн дээр ил тод шүүмжилж шахна. Энэ бол миний байр суурь” гэжээ. Тэр үнэн шүүмжлэлийг сонсохоос айж эмээдэггүй нэгэн бололтой.

Орхон аймаг хоёрхон сумтай ч хүн ам олон, Монголын гурав дахь том хотоор нэрлэгддэг. Харин газар нутгийн хуваарилалт асуудалтай хэвээр байгаа билээ. Иймд Г.Зоригт дарга аймагтайгаа хаяа залгадаг Булганы дарга нартай очиж уулзана гэж ярьж байсан. Хамтарч ажиллах болон хоёр аймгийн газар нутгийн талаар томоохон гэрээ үзэглэх сураг байна билээ. Орхон аймгийн удирд­лагууд ирэх онд хотоо хөг­жүүлэх төлөвлөгөө, хөтөл­бөрөө ч боловсруулаад дуусчээ. Гурав дахь том хот “гэр хороололгүй” болох том зорилт Засаг даргын төлөвлөсөн ажилд багтжээ. Жаргалант сумыг эко хороолол болгохоор зорьжээ. Мөн гэр хо­рооллын айлуудыг төвийн шугамд холбож халуун, хүйтэн устай болгоход багагүй хөрөнгө зарцуу­лахаар орон нутгийн төсөвт тусгасан байна. Эрдэнэт хотын 2013 оны хөрөнгө оруулалтыг хотынхоо гэр хорооллыг цэвэр ундны усаар хангах, халуун, хүйтэн ус, ду­лааны шугамтай холбож төвийн орон сууцны айлуудаас дутахааргүй болгохоор зорьжээ. Г.Зо­ригт даргын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөнд энд тоочоод барахгүй олон ажил байгаа нь мэдээж. ГОК-ын ажилд мэргэш­сэн, улс төрд  туршлагатай, төрийн албанд ч мэдлэгтэй даргаас Эрдэнэтийнхэн их зүйл хүлээж буй нь дамжиггүй.