Ч.Бямбахажид

РЦНК орчим, хотын А бүсэд хууль зөрчиж ногоон байгууламжийг устган гурван га газарт орон сууцны хотхон барихыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Иргэдийн төлөөлөл "Нийт 16 давхар барилга барих гэж байна. Бид сүүлийн хоёр жил үүнтэй тэмцэж байгаа. Компаниудын булаацалддаг л талбар болсон юм шиг байна. Өнгөрсөн зургаадугаар сард барилгын ажлаа эхэлсэн. Засаг, төр нь солигдохоор газар нүхээ ухаад, хашаа хороогоо хатгаад байна. Нийслэлийн дарга өндөр барилга барихгүй гэсэн мэдэгдэл хийж байсан ч хэлсэн үг нь зөрөөд байх юм. Эсвэл дунд шатны удирдлагууд нь цуцалсан акт, зөвшөөрлийг нь дахин сэргээгээд байх юм. Х.Нямбаатар даргын өндөр барилга бариулахгүй гэж ярьсан нь бодит байдалд биеллээ олохгүй байна. Нийслэлийн холбогдох албаныхан, яамны удирдлагууд нь ирж үзсэн. Ямар ч шийдэл байхгүй байсаар л байгаа. Гуравхан байшингийн дунд алга дарам 1.300мкв газар 16 давхар барилга барих гэж байна. Тэнд барилгын машин тэрэг орж гарахад хэцүү. Хүүхдүүд, иргэд олноор явдаг газар, барилгаас юм унах эрсдэл өндөр. Дуу чимээ нь яахав гэхэд осол эндэгдэлгүй амьд явах эрх зөрчигдөж байна. Уг нь хуулиараа явмаар байгаа ч ямар ч шийдэл алга. Сүүлдээ нударгаар шийдэх ёстой юм болов уу гэж бодох юм. Нийтийн эзэмшлийн газрыг төрийн байгууллагууд мөнгө болгохоо боль" гэв. Хотын иргэдэд шинэ барилга биш цэцэрлэгт хүрээлэн, ахмадууд нарлах, хүүхдүүд тоглох талбай, өглөөний гүйлт хийх зам талбай хэрэгтэй байгааг мөн тэд онцолсон юм.

Эх сурвалж:www.zms.mn