Б.ЖАВХЛАН

Аялал, амралтын үе шувтарч, хичээлийн шинэ жил эхлэх цаг хаяанд иржээ. Найзуудтайгаа, ангийнхантайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж, догдлон суугаа гэдэгт итгэлтэй байна. Санамсаргүй байдал, санаандгүй үйлдлээс болж, гол, усны ойролцоо тоглож, наадаснаас үүдэн голын усанд эндэж байгаа харамсалтай мэдээлэл бүртгэгдсээр байна.

Усанд эндлээ, усанд урслаа, усанд живлээ гэх мэдээллүүдийг та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс сонсож л байсан байх.

Он гарсаар өнөөдрийн байдлаар гол, усны ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70 хүн амь насаа алдсаны 20 нь хүүхэд байна. Энэ тоо бол он гарсаар бүртгэгдсэн мэдээлэл юм. Таньж мэдэхгүй гол ус руу орсон, зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд “тоглосон”, нэг нэгнээрээ тоглож, гол, ус руу шидсэн зэрэг шалтгаануудаас үүдэн хүүхдүүд усанд эндэж байгааг аврагчид онцолж байна.

Тиймээс гол, ус бараадаж, амарч, аялахдаа өөрийгөө болоод найзуудынхаа аюулгүй байдлыг хангах мэдлэг, мэдээлэлтэй байхыг зөвлөж байна.

 Ингэхийн тулд хэдхэн үйлдлийг хэвшил болгож, найзууддаа, ангийнхандаа бас дамжуулаарай.

  • Голын ус хүчтэй урсгалтай тул сэлэхэд маш хэцүү. Тиймээс таньж, мэдэхгүй гол, ус руу орж болохгүй.
  • Голын эргүүлэг нь маш сайн сэлдэг хүнийг ч гэсэн эргээс татаж холдуулах аюултай. Тиймээс би сэлдэг гэж ярих хэрэггүй.
  • Голын ус тунгалаг биш тул дотор нь байгаа мөргөж болох хад, чулууг харах боломжгүй. Тиймээс ямар ч баримжаагүй гол, усанд битгий ороорой.
  • Голын ус хүйтэн тул хүний хөдөлгөөнийг сааруулж, судас агшиж биеийг хөшингө болгодог.
  • Голын усанд живж байгаа хүнийг аврах гэж араас нь оролгүй урт мөчир, уяа хөвдөг зүйлс шидэж, яаралтай 105 дугаарт дуудлага мэдээлэл өгч, өөрийн болоод бусдынхаа амь насыг хамгаалаарай.
  • Голын ус намуухан, аюулгүй байна гэж бодоод найзыгаа түлхэж, бас шидэж тоглож болохгүй. Учир нь голын ус хүчтэй урсгалтай учир хормын хугацаанд нөхцөл байдал өөрчилдөг.
  • Бассейнд сэлэх, голын усанд сэлэх өөр. Тиймээс  бассейнд сэлдэг байсан ч  голын усанд сайн сэлнэ гэж “онгирч” болохгүй.  Усанд ам гардаггүй юм.
  • Хийлдэг гудас, завь, хөвөгч тоглоом голын усанд зориулагдаагүй. Тиймээс эдгээр хэрэгслийг бүү ашигла, бүү хэрэглэ “аминд” халтай гэдгийг үргэлж санах хэрэгтэй шүү хүүхдүүдээ,

Эцэст нь мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаад, гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аав, ээж, гэрийнхэндээ заавал мэдэгдэж байгаарай.