Өвдөг, гар, хурууны үе өвдөх, хөшиж хатуурах зэрэг шинж тэмдэг илэрч байвал ямар шинжилгээ өгөх талаар "Монгол Хьюндай" эмнэлгийн Лабораторын эмч Б.Ариунзаяатай ярилцлаа.  

-Монголчуудын дунд түгээмэл байдаг өвчлөлийн нэг нь яах аргагүй үе мөчний өвчин. Тэгвэл өвдөг болон үе, мөч нь өвдөөд байгаа тохиолдолд ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
-Өвдөг, түнх, гар, хурууны үе өвдөх, хөшиж хатуурах зэргийг хүмүүс наснаас шалтгаалах, цаг агаар, хоолны буруу хэрэглээтэй холбож тоолгүй орхих нь элбэг. Гэвч ийм зовуурийн ард олон шалтгаан, өвчний илрэл байж болох тул лабораторийн нарийн шинжилгээнд суурилан оношилгоо хийх нь чухал байдаг. Үе мөчний өвдөлт бол маш олон төрлийн өвчний нийтлэг илрэл. Тухайлбал, гэмтэл, үрэвсэл, халдвар, дархлалын системийн өвчин, бодисын солилцооны эмгэг ч байж болно. Иймээс эхлээд үрэвсэл байгаа эсэх, ямар төрлийн үрэвсэл вэ, ямар өвчин үүсгэдэг вэ гэдгийг тодруулахын тулд дараах төрлийн шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй. 
Үндсэн лабораторийн шинжилгээ:
1. CRP – хурц үрэвслийн марке.р
2. СОЭ (ESR) – архаг үрэвслийг илтгэнэ.
3. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (WBC) – цагаан эс түүний төрлүүд, халдвар байгаа эсэх
Өвчнийг ялган оношлох шинжилгээ:
4. RF (Ревматоид фактор) – Ревматоид артрит оношлоход
5. Anti-CCP – Rематоид артритд илүү онцлог маркер /Өртөг өндөр/
6. ANA – Системийн чонон хөрвөс, бусад дархлалын системийн өвчин
7. Uric acid – Подагра оношлоход
8. HLA-B27 – Бехтеревийн өвчин (нурууны үрэвсэл)
Эдгээр шинжилгээнүүдийг бүгдийг нь цуснаас авдаг. Харин үений шингэний шинжилгээг бол үе хавдаж, шингэн хуримтлагдсан үед авдаг.
 - Тэгвэл ямар шинж тэмдэг илэрч байвал энэ шинжилгээг өгөх вэ?
-Энэ бол хамгийн их асуудаг бас чухал асуулт. Доорх байдлаар та өөрийн зовуурьтай шинж тэмдгээс хамаарч ямар шинжилгээ өгөх ёстойг харж болно.

Нийтлэг илэрч болох шинж тэмдэг

Боломжит онош

Шаардлагатай шинжилгээ

Өглөөд гар, хурууны үе хөшиж, хөдлөхөд хэцүү

Ревматоид артрит

CRP, СОЭ, RF, Anti-CCP

Үеүүдээр гэнэтийн хүчтэй өвдөлт, улайх, халуу дүүгэх

Подагра

Uric acid, синовиаль шингэн

Нурууны доод хэсгээр өглөөгүүр хөшиж өвдөх (залуу насанд)

Бехтеревийн өвчин

CRP, HLA-B27

Гар, хөл, нүүр хавдах, арьс туурах, халуурах

Системийн чонон хөрвөс (SLE)

ANA, Anti-dsDNA, ESR

Үе удаан хугацаанд өвдөж, хөдлөхөд хүрэхгүй байх

Остеоартрит, элэгдэл

Рентген, CRP бага эсвэл хэвийн

Мэс заслын дараа үе хавдах, улайх, халуурах

Septic arthritis (үений халдвар)

CRP, WBC, синовиаль шингэн, бактери шинжилгээ

Манай Монгол хьюндай эмнэлгийн хувьд гэмтэл болон үе мөчний өвчнүүдийн үед дээрх шинжилгээнүүдийг хийж, эмчилгээний явцыг хянахын тулд CRP, ESR, цусны дэлгэрэнгүй шинжилгээг тогтмол давтан хийдэг. Энэ нь хамгийн найдвартай, түргэн шуурхай аргаар өвчний явцыг хянах, эдгэрэлт хэр зэрэг явагдаж буйг мэдэх боломж олгодог.
-Тэгвэл цусны шинжилгээгээр онош 100 хувь батлагддаг уу?
-Үгүй ээ. Шинжилгээ бол онош тавих нэг хэсэг. Мэргэжлийн эмчийн үзлэг, асуумж, дүрс оношилгооны шинжилгээ зэрэгтэй хамт үнэлэх нь хамгийн зөв. Манай эмнэлгийн тухайд үе мөч, гэмтэл согогийн эмч нарт маань өдөр бүр үзлэг, зөвлөгөө оношилгоо хийж байгаа. Тиймээс энэ төрлийн зовуурь байвал цаг авч дараалал хүлээхгүй шууд ирээд эмчилгээ үйлчилгээг авах боломжтой байдаг. 
- Эцэст нь та иргэдэд юуг зөвлөмөөр байна вэ?
-Үе мөчний өвдөлтийг "насных" эсвэл "уламжлалт зүйл" гэж үзэх нь буруу юм. Эмчилгээ хожимдвол үе элэгдэх, гажиг үүсэх, хөдөлгөөн хязгаарлагдах аюултай. Тиймээс шинж тэмдэг эхэлмэгц эмчид хандах, тохирсон шинжилгээг өгөх, зөв онош дээр тулгуурласан эмчилгээ хийлгэх нь хамгийн ухаалаг алхам юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 145 (7642)