ОХУ-ын Халимаг улс ирэх есдүгээр сарын 24-нд улс орнуудын монгол хэлт уран бүтээлчдийг хүлээн авахаар бэлтгэж байна. Энэ бол Халимагийн улсын дуу бүжгийн “Алтанзул” чуулгаас холбооны засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа соёлын томоохон төсөл болох олон улсын урлагийн наадам юм.

Энэ наадмын зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд төслийн менежер, жүжигчин Савр Катаев  “Халимаг улс монгол хэлт ертөнцийн мэргэжлийн уран бүтээлчдийг анх удаа угтан авах гэж байна. Манай улсын Засгийн газар ийм арга хэмжээний ач холбогдлыг ойлгож.., дэмжиж байгаад бид баяртай байна” гэж ярьжээ. Олон улсын наадамд ах дүү бүгд найрамдах улсууд болон найрсаг харилцаат орнуудаас дал гаруй уран бүтээлч Халимагт ирнэ гэдгийг зохион байгуулах хороо онцолсон гэж Халимагийн хэвлэлд мэдээлжээ.

Монгол, Шинжаан, Халимаг, Буриад, Тува ахан дүүс ард түмэн чуулна, маш сонирхолтой хөтөлбөр хүлээж байгаа ба алдартай  уран бүтээлч хамтлагуудын тоглолтоос гадна Орос, найрсаг орнуудын ард түмний соёлын өвийг хадгалах, хөгжүүлэх, сурталчлах асуудлыг хэлэлцэх дугуй ширээний уулзалтууд болно гэдгийг зохион байгуулагчид тэмдэглэжээ.

Эх сурвалж: zms.mn