Б.ЖАВХЛАН
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, улаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 13375 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13321 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 29, гэрээр эмчлүүлж буй 15 өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр нас барсан иргэн 10 бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 29 тохиолдлын зургаа нь хөнгөн, биеийн байдал дунд 22, хүнд нэг өвчтөн байна. Тус өвчнийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5030 хүүхэд байгаа бол 0-4 насны 3041 хүүхэд байна. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1721 тохиолдол бүртгэгдсэн байгаа аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд тус өвчний батлагдсан дөрвөн тохиолдол нэмэгджээ.
Мөн сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт эрчимжих магадлалтай гэх эрдэмтэн судлаачдын тооцоолол гарчээ. Үүнээс гадна дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.