Т.БАТСАЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: Уул уурхайн бус экспортыг дэмжиж нэг цонхны системийг хэрэгжүүлнэ
-Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Долдугаар сарын 19-нөөс хойш нэг сарын хугацаанд нүүрсний экспорт 30 хувиар өсөж, нийт 8.4 сая тонн нүүрс гаргасан байна. Үүнээс зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долдугаар сард 2 сая 963 мянган тонн, наймдугаар сарын 19-ний байдлаар хоёр сая 470 мянган тонн нүүрс арилжаалагджээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайтын боомтоор жолоочтой тээврийн хэрэгслийг автомат удирдлагатай гарцаар нэвтрүүлж, зөвхөн биржээр зарагдсан нүүрсийг тээвэрлэх зохицуулалт хийсэн. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийг дэмжих бодлогын нэг хэсэг бөгөөд экспортыг тогтворжуулж, төсвийн орлогын зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ирэх онд нүүрсний экспортыг 85-90 сая тонн хүргэнэ гэсэн тооцоог гаргаад байна. Өмнө нь эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэх боломжгүй байснаас сорчилж олборлох асуудал гардаг байсан бол өнөөдрийн шийдвэрээр энэ байдлыг зогсоох нөхцөл бүрдэх юм. Мөн экспортыг нэмэгдүүлэхэд саад болдог олон шат дамжлага, бичиг баримтын хүнд суртлыг бууруулах ажлыг хийж байна. Тухайлбал, гаалийн хяналтын журмыг шинэчилж, цахим системээр гааль, татвар, хил хамгаалах байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм. Энэ журамд 17 мянга гаруй иргэн саналаа өгсөн бөгөөд наймдугаар сарын 31-нээс өмнө батлах юм. Ингэснээр хувийн хэвшилд дарамт үүсгэдэг цохолт, тамга, бичиг баримт бүрдүүлэх шаардлагууд багасна. Уул уурхайн бус экспортыг дэмжих хүрээнд нэг цонхны системийг хэрэгжүүлэх юм. Өмнө нь байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдоггүйгээс олон жил гацсан энэ ажлыг урагшлуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн системүүдийг нэгтгэсэн цахим цонх нэвтрүүлэхээр болсон. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж, журам хэрэгжсэний дараа хилийн боомтуудад газар дээр нь шалгалт хийж, хувийн хэвшлүүдэд хүнд суртлууд багассан эсэхийг үнэлэхээр төлөвлөсөн" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Агентлагуудыг орлогч, дэд даргатай ажиллахыг хориглолоо
-Агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжэний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг есөн хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болголоо. Агентлагууд доторх газар хэлтэс, тасаг албадын тоог цөөлж, чиг үүргийн давхардлыг арилгах замаар нийт орон тоог 301-ээр цөөллөө. Энэ өөрчлөлтийн хүрээнд агентлагуудын газар, хэлтэс албадын даргын тоо 54-өөр буурна. Агентлагийн цалин хөлсний зардал дээр 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. Яам, агенталгуудын газар хэлтсийн дарга нарыг цомхотгосноор нийт 20 тэрбум, зөвлөл, үндэсний хороог татан буулгаснаар 40 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Энэ хэмнэлт иргэдэд эрүүл мэнд, боловсролын салбараар дамжиж зарцуулагдана. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэг агентлагийн бүтэц зохион байгуулалтыг батлахдаа тодорхой чиг үүрэг баримтлахыг чиглэл болголоо. Нэг дор шууд есөн хувиар цомхотгох бус тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаа ирэхгүй байгаа орон тоон дээрээ эхлээд цомхотгол явуулах чиглэл барьж ажиллана. Агентлагууд орлогч дарга, дэд даргатай ажиллахыг хориглолоо. Хуулиар заасан чиг үүрэгтэй газар нь дэд дарга, орлогчийн асуудал яригдана. Харин хуульд заагаагүй бол хориглоно. Агентлагуудын албан хаагчийн чиг үүрэг яам, харьяа газруудтай давхцахгүй байх шаардлагыг тавина.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Биржийн үйл ажиллагаа идэвхжиж, илүү орлого олох боломжтой болно
-Биржийн тухай хууль болон түүхий эдийн үнэ өсөж, буурдаг савлагаанаас аж ахуйн нэгжүүдээ хамгаалах хүрээнд АМНАТ-ийг тооцдог аргачлалыг өөрчлөх түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Өмнө нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу АМНАТ-ийг төлөхдөө жишиг үнэ буюу бодит үнээс хэт давсан үнэлгээгээр тооцож авдаг байсан. Тухайлбал, баяжуулсан коксжсон нүүрсэн дээр 22.6 хувийн илүү үнээр тооцож авч байгаа бол хамгийн дээд тал нь хайлуур жонш дээр 54.3 хувийн илүү үнээр тооцож АМНАТ авч байна. Бодит үнээс нь илүү үнээр тооцож АМНАТ авдаг гажиг тогтолцоотой байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед аж ахуйн нэгжүүд хэвийн төлөөд явдаг бол унах нь үед нь эргээд дарамт, алдагдал өр болоод явдаг. Үүнийг өөрчилж АМНАТ-ийн төлбөрийг Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үнээр тооцож авдаг зохицуулалт руу шилжье гэдэг Засгийн газрын түүхэн тогтоолын төсөл батлагдаж гарлаа. Биржийн үнэ бол Монгол Улсын өөрийн суурь үнэлгээ болоод явна гэсэн үг. Ашигт малтмалын биржийн үнээр АМНАТ-өө тооцуулах аж ахуйн нэгжүүд нийт гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнийх нь АМНАТ-ийг биржээр арилжаалагдсан үнийн дүнгээр тооцох зохицуулалтыг хийлээ. Ингэснээр биржийн үйл ажиллагаа идэвхжиж, өмнөхөөсөө 100 тэрбум төгрөгийн илүү орлого олох боломжтой гэсэн тооцооллыг хийсэн гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 154 (7651)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.
“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn