Ч.Бямбахажид

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил гарсаар байна. Иймд дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн “Чингэлтэй дүүргийн зургаан байршилд ТҮЦ-үүд нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулах зөрчил гарсаар байна. Эдгээр байршилд 3-4 удаа ТҮЦ нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг биелүүлээгүй учраас ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг өмнө нь гурван удаа нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулсан” гэв.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдагдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж байна.