П.АМГАЛАН

Непал улс  Гималайн нурууны 97 уулын оргилд үнэ төлбөргүй авирах эрх олгохоор болжээ. Энэ нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Үнэ төлбөргүйгээр авиралт хийх боломжтой болсон эдгээр уулс нь 5,970 м-7,132 м өндөр оршдог бөгөөд   Непалын Карнали болон Судурпашчим мужуудад байрладаг.  Энэ  талаар Непалын Аялал жуулчлалын газрын дарга Химал Гаутам “Гайхамшигтай үзэсгэлэнтэй ч жуулчин, уулчдын тоо маш бага, учир нь хүрэхэд маш хүндрэлтэй. Шинэ журам тус болно гэж найдаж байна. Энэ нь ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх боломжтой” гэжээ. Эдгээр 97 уулын сүүлийн хоёр жилд ердөө 68 уулчин л очсон байна. Харин  Эверестэд 2024 онд л 421 авирах зөвшөөрөл олгожээ.

Непал улсад  дэлхийн хамгийн өндөр 10 уулын 8 нь оршдог бөгөөд өнгөрсөн онд л гэхэд уулын зөвшөөрлийн төлбөрөөс 5.9 сая ам.долларын орлого олсны 3/4-ийг зөвхөн Эверестээс бүрдүүлсэн байна.

Мөн Непалын парламент шинэ хууль хэлэлцэж байгаа бөгөөд Эверестэд авирахаар төлөвлөж буй хүн эхлээд улсын нутаг дэвсгэрт орших 7000 м-ээс дээш өндөр уулын оргилд авирсан байх шаардлагатай болох аж.

Эх сурвалж:www.zms.mn