“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв  Цэцэрлэг хотоос  122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг цэнгэг уст Өгий нуураа хамгаалах асуудлыг хөндсөн гурван ч нийтлэлийг хүргэсэн билээ. Харин энэ удаа Өгий нуурын дэргэд үйл ажиллагаа явуулдаг ууган бааз болох  “Өгий” жуулчны баазын захирал Р.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр "Өгий” жуулчны баазаа  2001 онд байгуулж, 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй.

 

-Сүүлийн үед цэнгэг уст Өгий нуур бохирдож, усны түвшин нь багасаж байна гэсэн асуудал яригдаж байгаа. Та нуурын эрэгт 24 жил жуулчны бааз ажиллуулж байгаа хүний хувьд  бохирдуулагч гол хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?

-Нуурыг бохирдуулдаг гурван хүчин зүйл байна. Үүний хамгийн нөлөөтэй нь мал. Ингэхээр нутгийнхан гаднаас ирж нууран дээр бизнес явуулж байж биднийг ад үзлээ. Хэдэн зуун жил энэ нуураасаа ус уугаад болоод ирсэн юм гэдэг.

Гэхдээ хонь, ямаа суурь сууриараа нуур луу орж, унгас ноосоо хаядаг. Адуу, үхэр сүргээрээ явж ороод ялаархаад зогсчихдог. Угтаа малчид нуураас зайдуу улсаас гаргаж өгч буй худагт малаа услах нь зөв.  Мөн хар галуу байна. Манай нуурт 2-3 сүрэг хар галуу байхад тохиромжтой гэж мэргэжлийн судлаачид үздэг. Үүнээс хэтэрвэл экологийн тэнцвэрт байдал алдагдана. Хар галуу  их ховдог амьтан. Өдөрт бараг хоёр кг загасаар хооллоод түүнийгээ шингээж чадахгүй бөөлжөөд гаргачихдаг.

Гуравдугаарт, мэдээж хүний  буруутай үйл ажиллагаа. Өгий нуурыг нутгийнхан эм савдагтай гэж үздэг тул хувцас хэрэглэлээ угаах нь байтугай ордоггүй. Харин мэдэхгүй аялагчид их ордог. Наадмын үеэр хэдэн машин хог гарна. Дийлдэхгүй. Жуулчны баазууд боловсон нойлтой. Түүнийгээ соруулж, сумаас заасан цэгт хаядаг. Харин гэр амралтууд хүрэлцээгүй нүхэн жорлонгийн асуудалтай байсаар байна.

-Ер нь нуурын эко системийг хамгаалахад хэрхэн анхаарч ажиллах ёстой вэ?

-Нуурын эко системийг хамгаалах асуудал бол төр засаг, аялагчид гээд олон хүчин зүйлээс шалтгаална.

2005-2010 оны хооронд  “Жайка” олон улсын байгууллагаас Өгий нуурыг хамгаалах хүрээнд таван жилийн төсөл хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжиж эхлэх үед  би гурван санал  тавьж байсан. Нэгдүгээрт,  Өгий нуурт ганцхан гол цутгадаг нь  Хөгшин Орхон нарийн гол. Тэр гол тасарчихсан. Хангай нуруунаас эх аваад Орхоны хөндийгөөр  90 км  урсаад Өгий нуурт цутгадаг байсан. Гэвч  1990 оны эхээр Хархорины Сангийн аж ахуй  татан буугдаж, тэнд ажиллаж байсан хүмүүс  зарим нь  газар тариалан эрхлэж, зарим  нь олон төрлийн мод тарьж эхэлсэн. Ингэхдээ Хөгшин Орхон голоос тал тал руу ус татсанаас үүдэн, урсац  нь багасаж, лаг болоод  Өгий нуур руу цутгахаа больсон.

Гэхдээ хуучин Хөгшин Орхоны голдрилоор  нуурын баруун урд талаас 10-аад км-ийн зайтай байрладаг  Хар эрэг, Улаан, эрэг, Вандангийн эргээс 4-5 булаг, шанд нийлээд  Өгий нуур руу цутгаж  байгаа.

Тиймээс би тухайн үед төсөл эхэлж байхад  нь Хөгшин Орхоны голдрилыг  сэргээж өгөөч гэсэн санал тавьж байсан.

Хоёрдугаарт,  Өгий нуур бохирдол  ихтэй. Уг нь хүн мал  ундаалдаг цэнгэг устай нуур шүү дээ.  Энэ бохирдол нь янз бүрийн байдлаар үүсдэг. Мал аж ахуй,  загас барьж байгаад уурга, дэгээгээ алдчихдаг. Завиа живүүлчихдэг. Ялангуяа завины сэлүүр бол нуурын ёроолд маш их байгаа.Гэхдээ нуур цэвэрлэх ажиллагааг ерөөсөө хийж байгаагүй.Нэг хэсэг маш их намагшиж эхэлсэн. 

-Намаг их байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Намагшиж байгааг мэдэхэд амархан л даа. Хүчтэй  салхилсан үед  нуурын эргээр яваад үзэхэд  замаг, ургамлууд  түрэгдээд гараад ирсэн байдаг. Түүнийг ямар төрлийн ургамлууд байна гээд харна. Энэ жил ирэх тусам төрөл олшроод байдаг. Мөн ахуйн зориулалтаар загас барих гээд дэгээ шидэхэд л  бөөн замаг гарч ирдэг. Нэг хэсэг ийм  нөхцөл байдалтай байсан.  Сүүлийн үед бол харьцангуй тогтсон.

Ер нь нуурын ёроолыг цэвэрлэдэг олон арга байдаг юм байна.  Мэргэжлийн хүмүүс нуурын ёроолоор яваад замаг, хөвдийг нь тайрах. Ургамал, замгийг судалсны үндсэн дээр  түүнийг иддэг загасыг түлхүү үржүүлэх зэрэг аргууд байдгийг судалсан.

Тиймээс “Жайка” олон улсын байгууллагаас нуурыг цэвэрлэж өгөх тал дээр туслаач гэсэн хоёр дахь саналаа тавьсан нь энэ.

-Өгий нуур загас нөөц ихтэй шүү дээ?

-Өгий нуур  маань загасны их нөөцтэй. Үйлдвэрлэлийн зориулалтаар загас олборлож байсан  манай улсын гурван  том нуурын нэг нь.  1987 он хүртэл улсын загасны аж ахуй байсан шүү дээ.

Би нуурын эрэг  дээр 23-24 жил амьдарч байна. Энэ хугацаанд ирж байгаа гадаад болон дотоодын жуулчид голдуу загас барина.  Загасны мэргэжлийн хүмүүс ирж нуурт ажилладаг.  Тэдэнтэй ярилцана.   Өгий нуурын 60 хувийг махчин загас эзэлж байна.  Загасны 30 хувь нь цурхай, 30 хувь нь алгана. Үлдсэн 30 хувь улаан нүдэн гэдэг юм даа нутгийнхан, янз бүрээр нэрлэдэг.  Ийм гурван төрлийн зонхилох  загастай. Тиймээс махчин загасыг багасгаж, загасны бүтцийг зөв голдрилд  оруулах талаар туслалцаа үзүүлээч гэсэн  саналыг 2005-2010 оны хооронд хэрэгжүүлсэн  “Жайка” олон улсын байгууллагаас Өгий нуурыг хамгаалах төслийнхөнд санал тавьсан. 

Гэсэн ч нэг ч асуудал нь шийдэгдээгүй. Жилийн жилд 1-2  мэргэжилтэн ирээд л ургамал,  загас, шавж, усны чиглэлээр судлаад л явчихдаг.

Энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр, Өгий нуурыг судлах, нуурын эко системийг хамгаалах  ажлыг   Монголчууд өөрсдөө л хийх ёстой. Эх орныхоо энэ сайхан үзэсгэлэнт нуур, байгалийг бид өөрсдөө л хамгаалах  хэрэгтэй гэж боддог.

-Өнгөрсөн хугацаанд  Өгий нуураа хамгаалахад чиглэсэн нэлээд ажил хийсэн байдаг. Үүнд ч мөн нэлээд хөрөнгө зарцуулсан. Тухайлбал, 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуураа хамгаалахад зориулсан дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн.  Эдгээр ажлуудын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-2019-2020 оны улсын төсөвт Өгий нуураа хамгаалахад зориулсан дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ.  Тэр хүрээнд  гол хийсэн ажлууд нь нуурын эргээр машин оруулахгүй гээд шон зоосон. 60 машины зогсоол, ариун цэврийн байгууламж барьсан .

Гэвч энэ ажлуудын аль нь ч  бүрэн дуусаагүй. Нуурын эргээр зоосон шон нь доошоо гүнцгий сайн суугаагүй. Хүмүүс тэр шонг нь авч хаячхаад нуурын эрэг рүү  машинаараа очдог.

Машины зогсоол баригдаад гурван жил болж байна.  Гэсэн ч нэг  ч машин зогсохыг хараагүй.  Ариун цэврийн байгууламж нь ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулраад хаалга үүд нь эвдэрсэн. Тиймээс энэ бүтээн байгуулалтаа гүйцээх хэрэгтэй байна. Уг нь бол жуулчид машинаа  зогсоол дээр байрлуулаад нуур  руу алхаад очих ёстой Наадмаар бол нуурын эрэг  хүн,  машин битүү болдог. Нэг ёсондоо  бол сүүлийн жилүүдэд нуурын даац хэтэрч  байна. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулах  хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 149 (7646)

 

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.