С.УРТНАСАН

2025 оны наймдугаар сарын 13-нд дуучин Ю Сын Жүн (Yoo Seung Joon) Өмнөд Солонгост ашиг олох ямар ч санаагүй бөгөөд эх орондоо дахин нэвтрэх хүсэлт нь зөвхөн нэр төрөө сэргээх зорилготой гэдгээ мэдэгдлээ.

Дуучин Ю Сын Жүн 2002 онд цэрэгт татагдах мэдэгдэл авсан ч гадаад дахь тоглолтод оролцоно гэж эх орноосоо гарч, удалгүй АНУ-ын иргэн болж, цэргийн албанаас зайлсхийсэн гэх шүүмжлэлд өртсөн. Үүний улмаас Цагаачлалын хяналтын тухай хуулийн 11-р зүйлд үндэслэн түүнийг Өмнөд Солонгост нэвтрэхийг хориглосон юм.

Мөн Ю Сын Жүн өөрийн сошиал хуудсанд, DC Inside сайтын “Yoo Seung Joon Gallery”-д нийтлэгдсэн нэгэн мэдэгдлийн талаар тайлбар хийсэн байна. Тэр мэдэгдэл нь өөрийнх нь санаачилга биш, өршөөл хүссэн ч зүйл байхгүй, уг мэдэгдлийг хэн гаргасныг ч мэдэхгүй гэжээ.

Тэрбээр, “Миний албан ёсны фэн клуб хүртэл энэ нь өөрсдийнх нь байр суурь биш, юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Би ч танихгүй хүний гаргасан мэдэгдлээс болж яагаад ийм тавгүй байдалтай нүүр тулах ёстой гэж?” хэмээн бичжээ.

Ю Сын Жүн “Би Өмнөд Солонгост мөнгө олох ямар ч хүсэлгүй. Зөвхөн нэр төрөө сэргээхийн төлөө эх орондоо орж ирэхийг хүссэн” хэмээн онцолж, мэдэгдэлд дурдагдсан Чо Гүг (хуучин Чо Гүг Шинэчлэлийн Намын дарга) болон Ёон Ми Хян (хуучин Ардчилсан Намын гишүүн) зэрэг улс төрчидтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлээд, “Ийм асуудалд нэр холбогдсон нь үнэхээр харамсалтай” гэв.

Тэр 2015 оны наймдугаар сард тэрээр Лос Анжелес дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт гадаад дахь солонгосчуудад олгодог F-4 виз хүссэн ч татгалзсан хариу авчээ. Үүний дараа тэр шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, урт хугацааны хууль эрхзүйн тэмцлээ эхлүүлсэн байна. Одоогоор Ю Сын Жүн визтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Засгийн газартай гурав дахь удаагийн захиргааны шүүх маргаанд оролцож байна. Хамгийн сүүлийн мэдэгдэлдээ  “Энэ аймшигтай үнэн нь худал мэт болж, худал нь үнэн мэт харагддаг хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой, шударга ёс хэзээ ч алдагдаж болохгүй” гэж бичжээ.

Эх сурвалж: zms.mn