Х.ХАТАНЗОРИГ

“Зууны мэдээ” сонин “Дөрвөн хөлтэй анд” буландаа эзнийхээ багын анд, цас шиг цагаахан, урт намирсан үстэй Салем Саберхаген муурыг онцоллоо. Өвөрмөц нэр, дахин давтагдашгүй гадаад төрхөөрөө хэн хүний харцыг булаасан Салем 13 нас хүрэх дөхөж л байна. Дөхсөн гэсний учир, түүний “төрсөн өдөр” хараахан болоогүй.

Салем бэлэг болон ирсэн тэр л мөчийг мартах аргагүй хэмээн түүний эзэн Г.Номун бүсгүй хэлэв. Тэрээр “Би долоон настайдаа хөөрхөн мууртай болохсон гэж төрсөн өдрийн лаа үлээхдээ шивнэсэн хүсэл минь биелэж, цав цагаахан Салемтайгаа учирсан” гэхдээ хэчнээн баярлаж, дэвхцэж байснаа бидэнтэй хуваалцсан юм. Жаахан охины гарын алганд багтам бяцхан муужгай одоо бол “ахмад” болтлоо эрхэлсээр л явна.

Урт, зөөлөн торгомсог үс, тув тунгалагхан нүдтэй цас шиг цагаан Салем эзнийхээ хол дор хэвтэж байлаа. Биднийг ярих зуур хаа нэгтээ байх зүйлийг тас ширтэн харж байгаа муурын цайвар ногоон нүд юуг ч алдалгүй харж чадах нь ээ гэх сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр Турк Ангора буюу одоогийн Анкара орчмоос гаралтай үүлдрийн муур. Байгалийн шалгарлаар өөрөө үүсэж бий болсон ойролцоогоор 1600 оны үеэс түүхэнд тэмдэглэгдсэн маш эртний үүлдэр ажээ.

Хүүхэд, залуучууд ч “Сабрина” хүүхэлдэйн киног андахгүй. Тэгвэл түүнд киноны гол дүрийн үнэнч нөхөр “Салем Саберхаген” нэртэй хар муурнаас санаа авч нэрийг нь өгсөн байна.

Зуслангийнхаа байшинд хоёр монгол банхартай хамт амьдардаг ч тэдэнтэй таардаггүй гэнэ лээ. Тиймээс өдрийн цагаар ихэвчлэн унтдаг. Харин орой эзнийгээ унтах үед тоглох гээд тэрээр ноолж бас эрхэлнэ. Урт цагаан үстэй болохоор гадуур авч явахад дорхноо л халтар болчихдог учраас дагуулж явдаггүй ч амралтын өдрүүдэд зуслан дээрээ цагийг хамт өнгөрүүлдэг байна.

Өвлийн анхны цас шиг цагаахан муурын эзэнд өдөр хэчнээн урт юм бэ гэж бодох өдөр цөөнгүй. Учир нь дөнгөж салаад явах төдийд л муураа санаж эхэлдэг тэрээр “Миний муур биедээ хүргэх дургүй, ааштай, их зантай ч дэндүү ухаалаг. Заримдаа яг л хүнтэй харьцаж байгаа мэт санагдана. Магадгүй түүний энэ зан, ааш намайг илүү татдаг гэж боддог” гэх зуураа ачаалал ихтэй ажлын ард гараад ядарсан ч Салемыг харж түүнийг хайрлаж байгаагаа мэдрүүлж, бас намайг хайрлаж байгааг нь мэдэрч аз жаргалтай болдог хэмээн сэтгэл догдлон ярьсан юм.

Сүүлийн үед хиймэл оюун ухаанаас хүмүүс элдвийг л асуудаг болсон. Энэ тухайгаа цахим хуудастаа нийтлэх нь ч бий. Энэ жишгээр Г.Номун “Миний муур хүн байсан бол ямархуу дүр төрхтэй байх байсан бэ” гэж асуухад “Өндөр нуруутай, цагаан царайтай, урт цайвар үстэй, домогт гардаг “Элф”-тэй адилхан зураг ирсэн” гэдэг. Хэрэв Салем хүн байсан түүнийг ойлгодог бас хайрладаг, амьдралынх нь түшиг болсон хамгийн сайн найз нь байх байсан биз ээ.

Эх сурвалж: zms.mn