А.МЕДИНЕ

1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө, Японы Хирошима хотод урьдын л адил энгийн нэгэн өдөр. Цөмийн бөмбөг хаях хүртэл бүх зүйлс тайван, тэнгэр цэлмэг байв. Гэвч  тус өдөр “Enola Gay” хэмээх АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хирошимад цөмийн бөмбөг хаяснаар  хүн төрөлхтний түүхэнд атомын зэвсэг анх удаа хэрэглэгдсэн эмгэнэлт мөч болсон юм. АНУ, Япон улсын  хоорондох дайн хурцдаж, Япон улс бууж өгөхөөс татгалзсаар байсан тул АНУ “дайныг түргэн дуусгах” нэрийн дор атомын бөмбөг хаясан юм. Энэ бол зөвхөн Японыг буулган авах бус, тухайн үед хүчирхэгжиж байсан Зөвлөлт Холбоот Улсад анхааруулга өгөх, ирээдүйд хэнээс эмээх ёстойг харуулах туршилтын үйлдэл байсан нь маргаангүй. “Manhattan” төслийн хүрээнд бүтсэн энэхүү зэвсгийг туршихаар  Хирошима хотыг сонгосон нь хотод олон цэргийн бааз, үйлдвэрүүд байсантай холбоотой юм. Бөмбөг хэдхэн секундийн дотор Хирошимаг газрын хөрснөөс арчиж, 140 мянга гаруй хүний амийг авч одов. Хотын 70–80 хувь нь үгүй болж, амьд үлдэгсэд цацрагийн өвчин, түлэгдэлт, шархаар шаналсаар байлаа. Бөмбөгдөлтийн дараах  хотыг бүрэн сэргээж засварлахад хорь гаруй жилийг зарцуулсан бөгөөд Хирошима удаан хугацаанд “аниргүй хот” хэмээн нэрлэгдсэн юм. Гэвч нурангиас амьд үлдсэн хүмүүсийн энх тайвныг дахин алдахгүй гэсэн чин хүсэл Хирошимаг дэлхийн энхийн бэлгэдэл болгож чаджээ. 1954 онд Японы ард иргэд, Хирошимагийн захиргаа, цөмийн зэвсэг эсэргүүцэгчид нэгдэж, наймдугаар сарын 6-ны өдрийг албан ёсоор дэлхийн “Энх тайвны өдөр” хэмээн тунхагласан билээ. Тус өдөр бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан мянга мянган хүмүүсийг хүндэтгэн дурсдаг байна. Өдгөө Хирошима бол дэлхийд цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөний төв болон хөгжсөн бөгөөд “урьд нь юу болж өнгөрснийг хэзээ ч мартаж болохгүй” гэсэн үгс тус хотын булан бүрд сийлээстэй бий. Дашрамд, цөмийн бөмбөгдөлтийн үр  нөлөөг өгүүлдэг хамгийн сэтгэл эмзэглүүлэм бүтээл бол 1988 онд бүтээгдсэн Японы алдарт “Grave of the Fireflies” хэмээх анимэ юм. Энэхүү бүтээл нь дайны харгислал, гэмгүй хүмүүсийн амьдрал хэрхэн үймж, мөхөж байсныг хоёр өнчин хүүхдийн түүхээр дамжуулан өгүүлдэг бөгөөд энх тайвны үнэ цэнийг ойлгуулах хамгийн хүчтэй дуу хоолой болсон билээ.

Хирошима гэх нэр өнөөдөр зөвхөн хотын нэр биш, цөмийн зэвсгийн аюулыг сануулах хүн төрөлхтний дурсамж, сэрэмжлүүлэг болон үлдсэн хот юм.

Эх сурвалж:www.zms.mn