С.УРТНАСАН
HYBE компанийн үүсгэн байгуулагч, дарга Бан Ши Хёк нь компанийн IPO (анхны олон нийтийн санал болголт) явцад хууль бус үйлдэл гаргасан гэх хэргээр шалгагдаж буйтай холбогдуулан анх удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийж, компанийн ажилтнуудаасаа уучлал хүслээ. 2025 оны наймдугаар сарын 6-ны өглөө, Бан Ши Хёк HYBE-ийн бүх ажилтнуудад цахим шуудан илгээж, “Өнгөрсөн жилээс хойших үйл явдлууд, түүнчлэн миний хувийн асуудлууд нэмэгдсэнээр компани болон миний нэр сөрөг мэдээллээр байнга дурдагдаж байна. HYBE-ийн гишүүн гэдэгтээ бахархалтай байдаг та бүхний хувьд төөрөгдөл, гуниг, санаа зовнил төрсөн нь гарцаагүй. Үүсгэн байгуулагч, даргын хувьд би маш их хариуцлага хүлээж, энэ байдалд хүргэсэндээ гүнээ уучлал хүсэж байна” хэмээн мэдэгдэв.
Тэрээр цааш нь, “Ийм байдал олон хүний санааг зовоож буйг би маш сайн мэдэж байсан ч, өнгөрсөн саруудад үүссэн асуудлуудад хурдан хариу өгөх боломжгүй байсан нь надад ч бас хэцүү байлаа. Мөн уран бүтээлчид, бизнесийн үйл ажиллагаандаа төвлөрөх ёстой уран бүтээлч нар минь миний хувийн асуудлаас болж хохирч мэднэ гэдэгт би маш их гэмшиж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд энэ нөхцөл байдал үнэхээр шаналалтай байлаа. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шалгалт явагдаж байгаа учраас би болгоомжтой байх шаардлагатай болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор дуугүй байсныг минь ойлгоно гэдэгт найдаж байна” гэжээ.
Мөн “Миний хувийн асуудал компани, салбартаа дарамт учруулахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй гэдгийг хамгийн сайн ойлгож байгаа. Би уран бүтээлчдийн эргэн ирэлт болон компанийн ирээдүйн бизнесийн тэлэлттэй холбоотой ажлаар удаан хугацаанд гадаадад байсан ч, одоо бүх уулзалт, ажлаа түр хойш тавьж, Солонгос руу буцан очиж шалгалтад бүрэн хамтран ажиллах болно. Санхүүгийн зохицуулах байгууллагын шалгалтад би өмнө нь тайлбар өгсөн, цаашид ч ил тод, чин сэтгэлээсээ хамтран ажиллана. Үнэн зөв тогтоогдоно гэдэгт итгэж, хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж авна” хэмээн нэмж дурдав. Бан Ши Хёк “Энэхүү нөхцөл байдалд ч чадах бүхнээ хийж үүссэн асуудлыг бүрэн тайлбарлаж, шийдвэрлэх болно. Миний хувийн асуудал та бүхний авьяас, чадвар, зоригийг хязгаарлах ёсгүй. Та бүхэн бүтээлч, бизнесийн ажлууддаа бүрэн төвлөрч ажиллах орчныг бий болгох нь миний үүрэг гэдгийг би хэзээ ч мартахгүй. HYBE-ийн нэгэн гишүүний хувьд би ч мөн адил хөгжим, энтертайнмент салбарын өсөлт, хөгжлийн төлөө даруу зангаар, үргэлж өөрийгөө эргэцүүлж ажилласаар байх болно” гэдгээ онцоллоо.
Эх сурвалж: zms.mn