Нейродегенератив өвчнүүдээр дагнан судалгаа хийдэг мэдрэлийн эмч Александр Зубков Альцгеймерын өвчнөөс сэргийлэхэд туслах хоёр хялбар дадлыг нэрлэсэн байна. Түүний хэлснээр, өдөр бүр алхах болон зөв зохистой хооллох хэвшил дадлыг баримтлах нь тархины үйл ажиллагааг дэмжиж, өвчний илрэх хугацааг удаашруулах үр нөлөөтэй аж. Энэ талаар HuffPost мэдээлсэн байна.
Эмчийн тайлбарласнаар, эдгээр дадал нь тархины мэдрэлийн эсүүдийн өсөлт, нөхөн төлжилт, харилцан холбоонд чухал нөлөөтэй BDNF хэмээх уургийн түвшинг нэмэгдүүлдэг. “BDNF-ийн түвшин өндөр байх нь ой санамж сайжирч, оюуны чадавхийн бууралтыг удаашруулдагтай шууд холбоотой” гэжээ.
Судалгааны үр дүнгээр, дунд болон өндөр эрчимтэй алхалт BDNF-ийн түвшинг дунджаар 11 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна. “Өдөр бүр богино хугацаанд түргэн хэмнэлтэй алхах нь тархинд очих цус, хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлж, BDNF-ийн байгалийн жам ёсны дагуу ялгарах ялгарлыг идэвхжүүлдэг” гэж эмч хэлсэн байна. Түүнчлэн, эмч нар өдөрт дунджаар нэг цаг орчим алхахыг зөвлөдөг. Ингэхлээ ярих боломжтой ч, дуулахад амьсгаа дутах хурдтай алхах нь хамгийн тохиромжтой гэдгийг тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Зубков зөв хооллолтод анхаарахыг сануулсан байна. Тэрээр Газар дундын тэнгисийн болон даралт бууруулах хоолны дэглэмийг хослуулсан системийг санал болгожээ. Үүнд:
- Бүхэл үрийн бүтээгдэхүүн
- Ногоон навчит, хар өнгийн хүнсний ногоо
- Самар
- Оливийн тос
- Жимсгэнэ, ялангуяа нэрс
- Улаан дарс хэм хэмжээндээ тохируулан хэрэглэх багтаж байна.
Мөн тослог ихтэй загас, хушга, ногоон навчит ургамал, ногоон цай зэргийг тогтмол хэрэглэхийг зөвлөсөн байна. Эдгээр нь мөн BDNF-ийн ялгарлыг нэмэгдүүлж, Альцгеймерын эрсдлийг бууруулахад тустай гэнэ.
Эх сурвалж: zms.mn