Х.Хатанзориг

Монголын барилгачдын нэгдсэн холбоо Сэлбэ дэд төвийн асуудлаар хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд хийлээ. Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Бид зургаадугаар сарын 2-нд үндэсний эрх ашгийг хамгаалах 100 мянган барилгачдын хугацаагүй суултыг зарласан. Үүний үр дүнд Сэлбэ дэд төвийн барилгын ажлын гурав дөрөвдүгээр багцыг буцаан, тав хувааж тендер зарлуулсан. Эхний хоёр багц тендерийг бодлоготойгоор Хятад компаниудад олгосон гэж үзэж байгаа. Учир нь санхүүгийн маш өндөр шалгуур тавьж Монгол компаниудыг оролцох боломжгүй болгосон. Харин одоо зарлагдаж байгаа тендерт Монгол компаниудаа хуулийн хүрээнд, бодлогын дагуу дэмжиж ажиллаач гэж хүсэж байна. 30 тэрбум төгрөгөөс дээш олон улсын тендер зарлахаар хуульд заачихсан. Энэ нь дотоодын компаниудыг зах зээлээс шахаж, хоорондоо өрсөлдөх, хөгжиж дэвших боломжийг үгүй хийж байгаа юм. Энгийнээр хэлбэл хоёр ширхэг есөн давхар барилгыг 32 тэрбум төгрөгөөр барина. Үүнийг барихын тулд олон улсын тендер зарлаад биднийг зах зээлээс шахаж байгаа юм. Монгол компаниуд барьж чадна, барьсаар ч ирсэн. Иймэрхүү жижиг тендер дээр бидэнд зах зээлийг нь үлдээ. Боломж нөхцөлөөр хангах эрхзүйн орчныг бүрдүүлж өг. Бидэнд Хятад компани, Хятад улсын эсрэг ямар нэгэн хувийн өс байхгүй. Эрчим хүчний холбоо, авто замчдын холбооныхон бидэнтэй уулзаж, бүгдээрээ энэ зах зээлээ хамгаалъя. Туулын хурдны замын тендерийг Хятад компани авчихсан, дэлхийн жишгээс дөрөв дахин их үнээр барих гэж байна. Мөнгөний эзэн харийнхан, улсын эзэн болох нь. Салбар бүрд биднийг дээрэлхэж байна. Үндэсний компаниуд одоо юу хийх юм, халамж аваад дээшээ хараад хэвтэж байх юм уу. Тийм хангалттай халамж өгдөг юм уу. Бид залуу насандаа эх орондоо бүтээн байгуулалт хиймээр байна. Бүх салбарын бизнес эрхлэгчдэд хуулийн хамгаалалт хэрэгтэй. Бид төрдөө хандахгүй хэнд хандах вэ. Хятад компаниудыг огцруулаад өг гээд ганданд очиж Төвд ном уншуулах уу. Хятад улсын л бодлого ажиллаад, тэдний ажилгүй иргэд манай оронд ирж орлого олон улсдаа нэмүү өртөг бүтээн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэв. Мөн уг хэвлэлийн бага хуралд Монголын барилгачдын нэгдсэн холбооны хөрөнгө оруулалт, гадаад харилцааны албаны дарга Я.Дашням, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Наранбаатар нар байр сууриа илэрхийлсэн юм.