Б.ЖАВХЛАН

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны наймдугаар сарын 5-ны өдөр мэдээлэл хийлээ. Тэрээр 2024 оны арван нэгдүгээр сард иргэнээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн төлбөртэй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэн шалгуулсан талаар мэдээлэв.

Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас урьдчилсан санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд хамтарсан шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй, Үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан, 2022-2024 оны хооронд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрөөс 478.9 сая төгрөгийг "иргэд цагтаа ирээгүй", "өөрөө ирээгүй" гэх үндэслэлээр буцаан цуцалсан, Энэ мөнгийг СЭМҮТ-ийн удирдлагууд дотоод ажилтнуудтайгаа хамтран бэлнээр гаргаж, хувийн дансаар авсан нь тогтоогдсон байна. Уг үйлдэл таваас дээш жилийн хугацаанд үргэлжилж ирсэн бөгөөд одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.