Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хаан төрийн удам залгаж, халдашгүй дархан улсаа байгуулцгааж, Монгол гэдэг нэрийг бүтнээр нь авч үлдсэн эх орны эзэд нь эр цэргүүд билээ. Хүмүүний орчлонг онож төрөхийн шалтгаан нь өөр өөрийн гэсэн зураг төөрөгтэй. Тэр зураг төөргөөр ирээд өөрийн хувь ерөөлийг бий болгож амьдардаг. Тиймээс бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа хугацаат цэргийн албанаас их сургуульд элсэх болзол хангасан Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Б.Тулганямыг онцолж байна.
Жолооны үнэмлэх, ЭЕШ оноо, барилгын засал чимэглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй албаа хааж байна
МУИС-ийн “Онолын математик”-ийн ангийн хоёрдугаар курст суралцдаг Б.Тулганям 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаахаар цэргийн албанд татагдан иржээ. Их сургуулийн оюутан түүний хувьд оюутан цэрэгт явах боломж байсан ч хугацаат цэргийн алба хаахыг сонгосон байна. Энэ нь түүний хүүхэд насны дурсамжтай холбоотой ажээ. Энэ тухайгаа “Эрэгтэй хүүхэд бүр цагдаа эсвэл цэрэг, онцгой байдлын аврагч болохыг мөрөөддөг. Би ч бас бусдын л адил мөрөөдөлтэй байсан. Аав минь онцгой байдлын алба хаагч байсан учир дүрэмт хувцсаа өмсөөд ажилдаа явахыг нь хараад бахархдаг байсан. Гэхдээ би бүрэг, даруу байсан учир өөр мэргэжил сонгосон. Харин надад дүрэмт өмсөх боломж нь цэрэгт явах байсан гэж хэлж болно. Ангийнхан маань оюутан цэрэгт явъя гэж байсан ч би хугацаат цэргийн ангийг сонгосон” гэсэн юм.
Аливаа зүйл өөрийн өөрийн төөрөг, зураг, цаг хугацаатай байдаг. Б.Тулганямын хувьд ч өөрийн төөрөг зургаар явж буй мэт. Учир нь тэрээр 2023 оны цэрэг татлагаар 013 дугаар ангид алба хаахаар татагдаж байсан ч анги дээрээ очоод тэнцэлгүй буцжээ. Харин 2024 онд цэрэгт явсан нь түүний хувьд аз, тохиол гэлтэй. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн хугацаат цэргийн албан хаагчид жолооны үнэмлэх, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохын зэрэгцээ эрэлттэй мэргэжлийн үнэмлэхтэй болдог болсон. Өөрөөр хэлбэл, хугацаат цэргийн алба нь залууст өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгосоор байгаа юм. Тэгвэл Б.Тулганям барилгын засал чимэглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй, жолооны “B” ангиллын үнэмлэхтэй, Элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой халагдаж байгаа юм. Энэ тухайгаа “2022 онд чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд орж байсан. Түүнээсээ болж 2023 онд цэргийн анги дээрээсээ буцаж байсан. Өнгөрсөн жил цэрэг татлагын комиссоор орохдоо тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан. Харин тэнцэж, Баянхонгор аймгийнхаа цэргийн ангид хуваарилагдсан. Би багаасаа л хичээлдээ сайн, чөлөөт цагаа номын санд өнгөрөөдөг байсан. Тиймээс ч өөрийн хүссэн сургууль болох МУИС-д элссэн ч хүссэн ангидаа орж чадаагүй. Тиймээс судалж байгаад “Онолын математик”-ийн ангид элссэн. Энэ мэргэжлээрээ суралцаж байгаад программ хангамжийн анги руу шилжих төлөвлөгөөтэй байсан. МУИС-ийн хувьд шилжин суралцахад голч дүн нь 2.8, ЭЕШ-ийн босго оноотой байж ангиа сольдог. Харин ЭЕШ-ийн шалгалтын оноо 2.5 жил хүчинтэй байдаг. Миний хувьд сургуульдаа нэг жил, цэрэгт нэг жил алба хааж, намар сургуульдаа ороод шилжин суралцах шалгалт өгөхөөр ЭЕШ-ийн оноо маань хүчингүй болохоор байсан юм. Тиймээс шилжих шалгалтдаа бэлдэж энэ жил ЭЕШ өгөхөөр болсон. Энэ тухайгаа дарга нартаа хэлж зөвшөөрөл авч хуваарьт ажлуудаас чөлөөлөгдөн, шаардлагатай материалуудаар хангагдаж бэлдсэн. Ингээд сүүлийн саруудад цэргийн сургалт, бэлтгэлдээ шамдан суралцахын зэрэгцээ чөлөөт цагаараа "Элсэлтийн ерөнхий шалгалт"-д бэлдэж, математик, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалтаа амжилттай өгч өөрийн хүссэн мэргэжил болох Монгол Улсын Их сургуулийн "Компьютерын ухаан"-ы ангид элсэн орох болзол хангасан” гэсэн юм.
Цэрэгт сурсан эрдмээрээ өөрийн хүссэн байшингаа барих болно
Бүтээн байгуулалт хийж байж эх орон хөгждөг. Тэгвэл барилгын цэрэг бол бүтээн байгуулалтын эзэд юм. Тэгвэл хар, бор ажил хийж үзээгүй хөвгүүд жинхэнэ бүтээн байгуулалтын амтыг мэдэрч, үеийн найзуудтайгаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Энэ тухайгаа Б.Тулганям “Барилгын цэргийн ангийн алба хаагчид цэргийн эрдэмд суралцахаас гадна барилгын чиглэлийн анхан шатны мэдлэгтэй болдог. Би цэрэгт ирэхээсээ өмнө барилгын ажил зэргийг огт хийж үзээгүй. Ер нь хар, бор ажлаас хол хөндий өссөн. Энэ төрлийн ажил надад хэрэг болохгүй гэж боддог байсан. Харин барилгын цэргийн ангид алба хаагч болж ажиллаж үзээд энэ бодол минь өөрчлөгдсөн. Ирээдүйд өөрийн гараар хүссэн байшингаа барих мөрөөдөлтэй болсон. Учир нь би барилгын засал чимэглэл мэргэжлээр суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй алба хааж байна” гэсэн юм.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн улс, эх орны бүтээн байгуулалтад Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж, бүтээн байгуулалт өрнүүлсээр байгаа юм. Тус ангийн энэ жилийн нэг томоохон бүтээн байгуулалт бол Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт баригдаж буй “Бурхан халдун хайрхны хүндэтгэлийн цогцолбор"-ын ажил юм. Энэхүү хүндэтгэл, бэлгэдлийн илэрхийлэл болсон бүтээн байгуулалтын ажилд хугацаат цэргийн алба хаах үедээ оролцож байна.
Хугацаат цэргийн алба бол боломж
Үеийн найзуудтайгаа мөр зэрэгцэн нэг жилийг ардаа үдэж буй тэдний хувьд эх орон, аав, ээж гээд үнэт зүйлсээ илүү ойлгодог байна. Мөн мөр зэрэгцсэн олон нөхөдтэй болж өөрсдийгөө илүү таньдаг аж. Б.Тулганямын хувьд даруу, төлөв зантай учраас хүмүүстэй тийм ч хурдан найзалж чаддаггүй байжээ. Цөөн найзтай байсан тэрээр үеийн олон залуустай мөр зэрэгцэн гүйж, алхаж, ажиллаж, хооллож, зовлон жаргалаа хуваалцаж эр хүний жинхэнэ нөхөрлөлийг мэдэрсэн тухайгаа хэлж байсан юм. Мөн цэргийн алба хүмүүсийн ярьдгаас өөр болсон гэдгийг хэлэхийг хүссэн юм. Тэрээр “Ард байхад цэрэгт дээрэлхэл их байдаг. Мөн цаг хугацаагаа хий дэмий алдаж буй хэрэг гэж ярих нь элбэг. Тэгвэл цэргийн алба бидний төсөөлснөөр маш өөр болсон шүү гэдгийг хэлмээр байна. Бид жолоонд сурч, монгол хэл болон англи хэлний мэдлэгээ сайжруулж, өөр мэргэжлээр суралцахад их цаг хугацаа, санхүү орно. Харин хугацаат цэргийн албанд ирж өөрийгөө хөгжүүлж, ямар ч үнэ төлбөргүйгээр дээрх ур чадваруудыг эзэмших боломжтой. Мөн өөрийгөө таньж, аавын олон хүүхдүүдийн аль хавьд яваагаа ч мэдэрдэг. Тиймээс энэхүү боломжийг ашиглаж үеийн найз нарыгаа эх орноо хамгаалах эр цэргийн албанд заавал яваарай гэж хэлье” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 142 (7639)