Ч.БЯМБАХАЖИД
“Зууны мэдээ” сонин “Дөрвөн хөлтэй анд” буландаа эзнийгээ сэтгэл гутралаас татан авсан үнэнч анд Ретти нэрт нохойг онцолж байна.
Ретти бол аврагч. Энэ нохойг эзэн нь анх 2021 онд олжээ. Түүнийг аврагч гэсний учир нь тэрээр эзнийгээ сэтгэл гутралаас татан гаргасан хайр татам, үнэнч анд нь юм.
“Нохой маань намайг сэтгэл гутралаас аварч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг”
Реттигийн гадна төрхийг дүрсэлбэл урт хар чихтэй, хар алаг зүстэй. Өөрөөр хэлбэл “Хар чихт цагаан бим” гэх орос кинонд гардаг нохойтой ихээхэн төстэй хэмээн түүний эзэн З.Одонцэцэг ярьлаа.
Тэрээр “Сэтгэл гутралд ороод ганцаараа амьдарч байхдаа гудамнаас ч хамаагүй ямар нэгэн амьд амьтан олоод амьдрахыг хүссэн. Тэгж яваад нохойгоо гудамнаас олж тэжээсэн. Ретти маань манай дүүгийн хүүхдүүдийг дагаж ирээд тэдний гадаа гурав хоночихсон байсан. Нэг өдөр хүүхдүүд нь намайг нохой тэжээе гэж байсан болохоор авчирч өгсөн юм. Тэгээд л нохойгоо ямар ч өөрчлөлтгүйгээр тэжээж эхэлсэн. Энэ нохой миний амьдралд орж ирснээр их “ханьтай” болсон мэдрэмж төрсөн” гэсэн юм.
Ретти эзэнтэйгээ өглөө цэцэрлэгт хүрээлэнгээр тойрч салхилдаг гэнэ. Харин орой цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд хүмүүс ирж нохойгоо тоглуулдаг цуглаан болдог байна. Энэ цуглаан дээр Ретти ч мөн эзэнтэйгээ очиж найзуудтайгаа тоглож өдрийг өнгөрүүлдэг гэнэ.
З.Одонцэцэгийн хувьд нохойтойгоо цагийг өнгөрүүлэх нь түүнийг сэтгэл гутралаас аварч байгаа мэт мэдрэмж төрдөг байна.
“Нохой, муур хоёроо тоглож байгааг хараад хайрлах мэдрэмж төрдөг”
Мөн Реттид ч эзэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэхэд хөгжилтэй байдаг ч уйдаж, ганцаардаж байгаа нь эзэнд нь мэдрэгджээ.
Энэ тухайгаа тэрээр “Ретти одоо дөрвөн настай. Нохойнд маань надаас гадна цагийг өнгөрүүлэх найз хэрэгтэй байсан. Хэдий хоёулаа байхад надад сайхан мэдрэмж төрдөг байсан ч нохой маань ганцаардаж байсан. Тэгээд энэ өвөл муурын зулзага гудамнаас олсон юм. Ингээд нохой, муур, бид гурав бие биедээ хань болоод амьдарч байна. Муурын зулзага олоод авчирсан чинь манай нохой үнэхээр их баярласан. Тэгээд л нохой муур хоёроо тоглож байгааг хараад, цагийг хамт өнгөрөөхөд хайрлах мэдрэмж авдаг болохоор миний сэтгэл гутрал бага багаар багасаж эдгэрч чадсан” гэв.
Ретти эзэнтэйгээ уртын аялалд гарчээ
Ретти эзэнтэйгээ Улаанбаатараас Алтай таван богд хүртэл уртын аялал хийжээ. Амьтантай хамт аялалд гарна гэдэг том асуудал байдаг. Жишээлбэл, хамт яваа хүмүүс дургүйцэх, нийтийн унаанд яваа бол амьтантай оруулахгүй гэх мэт. Харин тэдний аялалын хамтрагчид Реттиг эелдгээр хүлээн авсан тул тэд санаа зовох зүйлгүй, жаргалтайгаар хамтдаа аялаж явна хэмээн З.Одонцэцэг сэтгэл дүүрэн ярьж байлаа.
“Нохойтойгоо амьдарч эхэлснээр гэрийнхэн маань амьтны талаар бүрэн ойлголттой болсон”
Мөн Ретти нохой эзнийгээ “сүүдэр” шиг л дагадаг нь түүний хайр татам чанаруудын нэг гэнэ. Энэ тухай З.Одонцэцэг “Намайг олны дундаас ийм их хайрлаж байгаа амьтан байгааг мэдрэх нь өөрөө аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Манай гэрийнхнээс хэн нь ч амьтан тэжээдэггүй. Амьтны талаар ямар ч ойлголтгүй хүмүүс байдаг байсан. Харин би нохойтойгоо амьдарч эхэлснээр гэрийнхэн маань амьтны талаар бүрэн ойлголттой болж, “нохой гэдэг чинь ийм хөөрхөн юмуу” гээд л Реттиг маань хайрлаж, маш дотно ханддаг юм” гэлээ.
Эх сурвалж: zms.mn