Б.БАЯРЖАВХЛАН
Монгол Хьюндай эмнэлгийн хүүхдийн эмч Р.Мөнхжинтэй хүүхдийн суулгалт өвчин талаар ярилцлаа.
-Хүүхэд хэвийн үед хэдэн удаа өтгөнөө гадагшлуулах ёстой вэ?
-Энэ нь наснаас хамаарна. Амьдралын эхний долоо хоногт өдөрт дөрөв ба түүнээс дээш удаа хүндэрдэг. Зарим хүүхэд 10 удаа бага хэмжээтэй хүндрэхийг хэвийн гэж үзнэ. Эхний гурван сард зарим нь өдөрт хоёроос дээш, зарим нь долоо хоногт нэг удаа хүндэрдэг. Аль аль нь хэвийн. Хоёр нас хүртэл өдөрт нэг удаа зөөлөн биежсэн баас гаргана. Хүүхэд бүр өөр. Өдөрт гурван удаа эсвэл өнжөөд нэг хүндрэх нь хүүхэд бүрээс хамааран хэвийнд тооцогдоно.
-Хүүхэд суулгаж байгааг яаж таних вэ?
-Хүүхдийн өтгөн нь ердийнхөөс илүү шингэн эсвэл усархаг, ердийнхөөс илүү ойр ойрхон гарахыг хэлнэ. Хэвийн үед бага насны хүүхдийн өтгөн шар, ногоовтор эсвэл бор байх ба жижиг бижирмэгтэй байж болно. Том хүүхдүүдийн хувьд хоногт гурав ба түүнээс дээш шингэн баахыг суулгалт гэнэ.
-Хүүхдийн суулгалтын хамгийн түгээмэл шалтгаан юу вэ?
-Вирусүүд болон антибиотикийн гаж нөлөөнөөс шалтгаалдаг. Бусад тохиолдолд бактери, бичил биетэн гэх мэт зүйлс нөлөөлдөг. (Зураг 1. 0-11, 12-23, 24-59 сартай хүүхдүүдийн дунд тохиолдох суулгалтын хамгийн түгээмэл үүсгэгчид).
-Суулгалт өвчин удаан явцтай, хүндрэлтэй байхад хүргэх хүчин зүйлс нь юу байдаг вэ?
-Хөхөөр хооллохгүй байх, жин бага байх, өсөлтийн хоцрогдолтой байх, А аминдэмийн дутагдал, Цайрын дутагдал нөлөөлдөг.
Хүүхэд суулгаж байгаа үед юу идэж уух вэ?
-Хүүхэд хэвийн дэглэмийн үеийн хоолоо үргэлжлүүлж болно. Үүнд зөөлөн тос багатай мах, будаа, төмс, талх, исгэлэн биш жимс ба ногоо, сүү (сүү боловсруулахтай холбоотой асуудалгүй бол), хүүхэд хөхүүл бол ойр ойрхон, илүү удаан хөхүүл, шингэн сэлбэх давсны уусмал уулгах (хлорасоль, вакадо, оралит, электролит гэх мэт), Өвчтэй хүүхдэд шингэн шөл, будааны шүүс, бантан, энгийн зутан, хярам гэх мэт өтгөвтөр, хэт их тослог биш, амтлагчгүй, шингэц сайтай хоол өгнө. Хүүхэд хөх эсвэл хоолондоо дургүй бол бага багаар хооллох давтамжийг нэмэгдүүлнэ. Өвчилсний дараах хоёр долоо хоногийн хугацаанд хүүхдийн хооллох давтамжийг нэмж, нэг удаа хоол нэмж өгнө.
-Ямар хүнснээс зайлсхийх вэ?
-Өөх тос ихтэй хоол хүнс, чихрийн агууламж ихтэй уух зүйлс, ундаа.
-Хүүхэд суулгаж байгаа үед эцэх эхийн зүгээс юу хийх вэ?
-Хангалттай хэмжээний ус болон бусад шингэнийг (шингэн сэлбэх давсны уусмал хамгийн тохиромжтой) хэрэглэж байгаа эсэхээ анхаарах. Шингэн сэлбэх уусмалыг 1-2 цайны халбагаар 3-5 минут тутам өгнө. Суулгалт эсвэл бөөлжсөний дараа хоёр нас хүртэлх хүүхдэд 50-100 мл, хоёроос дээш насны хүүхдэд 100-200 мл-г уулгана. Цаашлаад бөөлжилт суулгалтын тооноос хамаараад 1000 мл хүртэл хэмжээтэй уусмалыг уулгана. Гэхдээ эмчийн зааваргүйгээр суулгалтын эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
-Ямар үед яаралтай эмчид хандах вэ?
-Цустай баах. Хүүхэд 12 сар хүрээгүй бөгөөд өдөрт гурваас илүү цаг ууж идэхгүй үед, хэвлийн өвдөлттэй үед, хүүхдийн харагдах байдал болон идэвх өөрчлөгдсөн, ядарч сульдсан, хариу урвал бага, шингэн алдалттай үед хандана. Мөн ам хуурайшсан, цангасан, шээсний гарц багассан буюу 4-6 цаг памперс хуурай байсан эсвэл 6-8 цаг шээгээгүй, нулимсгүй уйлах зэрэг шинжээр танина.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 135 (7632)