С.УРТНАСАН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр олны анхааралд өртөөд байсан жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ. Тодруулбал, саяхан согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдон шүүмжлэл дагуулсан БНСУ-ын жүжигчин Сон Ён Гю нас барсан байдалтай олдсон байна. Наймдугаар сарын 4-нд Ёнъин Дунбу цагдаагийн газрын албаны эх сурвалжуудын мэдээлснээр, Сон Ён Гюгийн цогцсыг Ёнъин хотын Чёин дүүрэгт байрлах орон сууцны хороололд зогссон тээврийн хэрэгсэл дотор өглөөний найман цагийн үед олсон байна. Эмэгтэй хүнээс ирсэн мэдээллийн дагуу цагдаа нар газар дээр нь очиж шалгалт хийжээ. Үхлийн шалтгаан болон нөхцөлийг одоогоор мөрдөн шалгаж байна. Жүжигчин Сон өмнө нь 2024 оны зургаадугаар сарын 19-ний 23:00 цагийн үед Ёнъин хотын Гихён дүүргээс Чёин дүүрэг хүртэл ойролцоогоор таван километр орчим замыг согтуугаар жолоо барин туулсан гэх хэрэгт холбогдож, олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тухайн үед түүний цусны спиртийн хэмжээ 0.08 хувиас дээш байсан бөгөөд энэ нь жолооны үнэмлэхийг хүчингүй болгох үндэслэл болдог байна. Түүнийг баривчлахгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд уг хэрэг гарсны дараа Сон Ён Гю “Shakespeare in Love” жүжгийн бүрэлдэхүүнээс өөрийн хүсэлтээр гарсан. Мөн оролцож байсан ENA сувгийн “The Defects” нэртэй даваа-мягмар гаргийн цувралд дүрийнх нь оролцоог боломжит хэмжээнд багасган хасахаар шийдвэрлэсэн гэж уран бүтээлчид нь мэдээлсэн. Харин SBS телевизийн “The Winning Try” цувралын баг түүний дүр жижиг хэмжээтэй тул шууд хасах боломжгүй гэдгийг тайлбарласан бөгөөд тэрээр долоодугаар сарын 26-ны дугаарт засваргүйгээр гарчээ.

Эх сурвалж: zms.mn