А.МЕДИНЕ

Зуны сүүлийн өдрүүд бол  дуртай номынхоо сүүлчийн хуудсуудыг  догдлон уншихтай адил нандин билээ. Зун бол хөгтэй аялал, романтик болзооны  улирал. Бүхнийг амжуулах гэж яарахын оронд, нэг өдөр л галт тэргэнд суугаад, салхин сэнсний дэргэд салхилаад эсвэл ододтой тэнгэрийн дор кино үзээд суух нь дурсамж болон үлдэнэ. Зуны сүүлчийн хуудас аажим аажмаар эргэж байхад та яг одоо ямар нэг онцгой зүйл хиймээр, сэтгэлд тод үлдэх аялалд гармаар байгаа бол энэ нийтлэл танд зориулагджээ. Уулын нуурын тунгалаг ус, салхин сэнсний чимээ, ойн кино театрын дөлтэй үдэш, галт тэргэнд өнгөрөх хором бүр таны зүрхэнд гэрэл гэгээтэй дурсамж  болон үлдэх болно. Эдгээр газрууд бол сэтгэл доторх музей, сэмхэн очих  “дурсамжийн өртөө” юм. “Зууны мэдээ сонин” энэ удаагийн дугаартаа  зун дуусахаас өмнө хамтдаа очиж, шинэ дурсамж бүтээхэд тохиромжтой, онцгой мартагдашгүй болзох газруудыг онцоллоо.

 

Ойн кино театр – Ододтой тэнгэр дор гэрэлтэх дурсамж

Моддын дунд, салхинд шивнэх навчсын чимээнд ууссан нэг орой. Тэр оройны гол баатар дэлгэц дээр гарч буй кино биш, харин хажууд чинь суух нэгэн. “Ойн кино театр” буюу олонх залуусын нэрлэдгээр “Ойн цоорхой” нь сүүлийн үед хосуудын дунд дурсамж бүтээх хамгийн өвөрмөц орон зай болон тодорч байна. Улаанбаатар хотоос холгүй, Богд ууланд байрлах энэхүү задгай театр нь Lovers Entertainment Travel Club-ын (Instagram: @lover.travel.club) санаачилгаар зохион байгуулагддаг. Киноны төрөл улирлаас хамаарч өөрчлөгддөг бөгөөд романтик инээдмийн, уран зөгнөлт, монгол уран сайхны кинонуудыг гаргах нь элбэг.

“Моддын завсраар тусах сарны гэрэлд сууж, навчсын сэрчигнээн дунд ярихгүйгээр ойлголцох тэр л  орой.”

Үзвэр эхлэхээс өмнө бие биедээ зориулж захидал уншдаг ч хосууд байдаг гэсэн. Энэ орчин өөрөө хүмүүсийг намуухан болгодог мэт.

 

Уулын нуур — Хотын төв дэх нам гүм

Хотын шуугиан хөл дороос цуурайтаж, унаж байгаа навчсын чимээ хүртэл мартагдах шиг болсон энэ үед хаа нэгтээ, төвөөс холгүй  сэтгэлээ намдаах нэгэн нууцлаг булан бий. Тэр бол Уулын нуур. Энэ бол байгалийн дунд уусаж орхисон мэт мэдрэмж төрүүлдэг, хотын нууцлаг үзэсгэлэн. Огт өөр ертөнц мэт санагдана. Нарантуул 2 захын зүүн хойно, өмнө нь хаягдсан хогийн цэг байсан энэ газар хүмүүсийн болзохоор зорьж очдог өнгөлөг нуур. Нарны гэрэл нуурын усан дээр бүжиж, хүүхдүүдийн инээд салхинд урсаж, мөч бүр энэ орчныг хэн нэгний дурсамж болгоно. Зүгээр нэг цөөрөм, хэдэн мод биш, харин хүний гар, сэтгэл, хүсэл мөрөөдлөөр бүтсэн бодит түүх энд оршдог.  Тэнд цөөрмийн эрэг дээрх модон сандал дээр суугаад дурлалт хүнтэйгээ чимээгүйхэн байгал ажиглах  шиг жаргал үгүй.

“Сэтгэлийн тайвшралд хүрэх бяцхан аялал шиг. Усан дээр туссан модны сүүдэр яг л хүний бодлыг тольдон буулгана.”

Зарим газар хамгийн нандин дурсамжийг бүтээдэг. Уулын нуур бол тйм л газар. Амьдралын тань нэг өдрийн нар, салхи, инээд, намуухан оршихуй энд үлдэнэ. Уулын нуурын парк гэх цахим хаягтай бөгөөд бүхий л мэдээллийг нь тэндээс авах бүрэн боломжтой аж.

 

Салхитын салхин парк — Салхин аялгуугаар аялсан дурсамж

Орчлонг чимээгүйхэн хөдөлгөж, газрын хэвлийд гэрэл цацрах мэт Салхитын салхин парк нь тэнгэр багандан эргэлднэ. Хотын төвөөс з70‑75 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар оршдог Монголын анхны салхин цахилгаан станцын шинэчлэлийн төв юм  . Аварга том 31 салхин сэнс эргэлдэх нь тун ч сүрдэм. Энд ирэхэд нэгэн зөөлөн аялгуу таныг угтана. Сэнснүүдийн хэлхээний дуу  механик биш, харин амьдрал шиг, байгалийн уянгатай хэмнэлттэй. Нарны гэрэл сэнсний далбаанд гялтганан,  цэвэр агаарт зогсох мөч бүр дотно, уянгалаг дурсамж болно.

 “Сэнс бүр яг л үл харагдах мөрөөдлүүдийг эргүүлэх мэт ер бусын мэдрэмж төрүүлж байсан.”

 

Галт тэргэнд эхэлж, уулсын дунд төгсөх болзоо

Хааяа бидэнд алсын аялал хэрэггүй. Хотоос жаахан л холдох төдийд сэтгэл шинэ агаар амьсгалж, өнгөрсөн хором бүр уярал болон урсдаг. Хонхор өртөө  бол яг тийм мэдрэмжтэй газар. Улаанбаатарын галт тэрэгний буудлаас  хөдөлсөн тэр мөчөөс л аялал эхэлнэ. Цонхны цаана өнгөрөх тал, уул, ургамал мод бүхэн даллан мэндчилж буй мэт.  Тэр дунд хос хоёр мөр зэрэгцэн суугаад юу ч ярьсан, эс ярьсан ч, бүх зүйл утга учиртай мэт мэдрэгдэнэ. Галт тэрэгний намуухан чичиргээ, модод зөрөх чимээ хоёр зүрхний цохилттой хэмнэл нийлнэ. Нарны гэрэл үдшийн улаан туяанд хувираад, уулын энгэр дээгүүр намуухан гулсана. Мартагдашгүй дурсамжтай үлддэг болзооны хамгийн уянгалаг хувилбар.

“Тэнд цаг хугацаа удаашран, сэтгэл хөнгөрдөг.”

Эх сурвалж: zms.mn