Б.ЖАВХЛАН

Өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн 14:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Мухар Шивэртийн-Ам” гэх газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/ уруйн үер буусны улмаас хоёр зорчигчтой суудлын автомашин үерт автсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагыг 14:45 цагт хүлээн авсан даруйдаа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр очиж ажилласан байна. Үүний үр дүнд иргэн С-ийн жолоодож явсан “Hyundai Sonata” загварын суудлын автомашиныг үерийн уснаас татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг үер, усны аюулаас сэргийлж, онцгой цаг агаарын үед гол, горхи, хуурай сайраар зорчихгүй байхыг анхааруулж байна.