АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна. ХОМ-ээс 21 аймгийн Засаг дарга нарын хөрөнгийн мэдээллийг онцлон хүргэж байна.
Орлого нь буурч 112 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын орлого өнгөрсөн онд 124 сая байсан бол энэ онд 112 сая болж буурчээ. Гэр бүлийн 3.7 сая төгрөг бөгөөд нийтийн нэг орон сууц, нэг гражтай. Түүнийгээ 518 сая төгрөгөөр үнэлжээ. 126 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Geely, Tugella автомашинтай. 85 адуутай бөгөөд 215 сая төгрөгийн үнэтэй хэмээн мэдүүлжээ. Харин 44 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд дотоодын банканд 18 сая төгрөгийн хадгаламжтай ажээ. 190 сая төгрөгийн авлагатай. Харин зээлийн үлдэгдэл нь 111 сая төгрөг болж өмнөх оноос 20 сая төгрөгөөр өсжээ.
1.5 тэрбумын үнэтэй орон сууц, зуслангийн байшинтай
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нь 250 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200 маркийн авто машинтай. 20 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын хоёр адуутай. Түүний орлого өмнөх оныхоос 100 сая төгрөгөөр өсөж 187 сая болжээ. Гэр бүлийн орлого ч мөн өсөж 191 сая болсон байна. Тэрбум 599 сая төгрөгийн үнэтэй нэг нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшинтай, 40 сая төгрөгийн эзэмших эрхтэй 400 болон 490 м2 газартай. 101 сая төгрөгийн үнэт эдлэл, 552 сая төгрөгийн хадгаламжтай, авлагагүй гэж мэдүүлжээ.
30 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөлийн дөрөв, эзэмшлийн нэг газартай гэж мэдүүлжээ
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд 28 сая төгрөгийн орлоготой байсан бол 63 сая төгрөг болж өсжээ. Харин гэр бүлийн орлого нь 29 сая төгрөг. Орон сууцгүй бөгөөд 150 сая төгрөгийн үнэтэй баригдаж буй нэг барилгатай. 20 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Highlander автомашинтай. 30 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөх эрхтэй дөрөв, эзэмших эрхтэй нэг газартай. 2.5 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 1.6 сая төгрөгийн хадгаламжтай. 10 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.
Жилийн орлого 182 сая төгрөг
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа жилийн орлого 182 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого 227 сая төгрөг байна.
330 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг үйлдвэрлэлийн зориулалттай барилгатай.
100 сая төгрөгийн газар эзэмшдэг, үнэт эдлэл байхгүй. Дотоодын хадгаламж 70 сая төгрөгтэй бол 165 сая төгрөгийн зээлтэй. “Хар нүх” ХХК-д 3000 ширхэг хувьцаа эзэмшдэг.
363 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж 2023 онд 39 сая төгрөгийн орлоготой байсан бол 77 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн орлого нь мөн 62 сая болж нэмэгдсэн байна. 363 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр авто граж, нэг хашаа байшин, нэг орон сууцтай. Subaru, Forester маркийн 31 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай. 30 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 20 сая төгрөгийн хадгаламжтай. Авлагагүй. Зээлийн үлдэгдэл 166 сая төгрөг.
158 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир жилийн орлого нь 42 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого 24 сая төгрөг. 329 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай.
Toyota, Land Cruiser 200, Toyota, Prius XW30 маркийн автомашинаа 203 сая төгрөгөөр үнэлжээ. 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван адуутай. 20 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 158 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дөрвөн сая төгрөгийн дотоодын хадгаламжтай гэж мэдүүлжээ. Авлага, зээлгүй.
“Нутгийн Ундрага” ХХК-д 10000 ширхэг, “Элэг Бүс” ХХК-д 1000 ширхэг хувьцаа эзэмшдэг.
143 сая төгрөгийн мал аж ахуйтай
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид жилийн орлого 2023 онд 135 сая байсан бол энэ удаа 162 сая төгрөг болж өсчээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 33-46 сая болж өссөн байна. 281 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Toyota, Harrier маркийн автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлсэн. 143 сая төгрөгийн мал аж ахуйтай. 55 сая төгрөгийн газар эзэмшдэг. 65 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 37 сая төгрөгийн хадгаламжтай бол 65 сая төгрөгийн авлагатай, 32 сая төгрөгийн зээлтэй байна.
632 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат жилийн орлого 2023 онд 29 сая байсан бол энэ удаа 40 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого 40 сая төгрөг. Нэг орон сууц, нэг амины орон сууц, нэг үйлдвэрлэлийн зориулалттай барилгаа 632 сая төгрөгөөр үнэлсэн байна. 32 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 100, УАЗ 469 маркийн автомашинтай. 42 сая төгрөгийн мал аж ахуйтай бол 22 сая төгрөгийн газар эзэмшдэг, 6.5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. 37 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.
Жилийн орлого нь 72 сая төгрөг болж өсчээ
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы жилийн орлого 2023 онд 47 сая байсан бол энэ удаа 72 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн гишүүдийн орлогоо 64 сая гэж мэдүүлжээ. 286 саяаар үнэлэгдэх орон сууц, барилга, байгууламжтай. Хоёр үйлчилгээний зориулалттай барилга, хоёр орон сууцтай. 250 төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570 маркийн нэг автомашинтай. 78 сая төгрөгийн газар эзэмшдэг. Үнэт эдлэл байхгүй. Дотоодын хадгаламжиндаа 65 сая төгрөгтэй. Зээл нь 2023 онд 247 сая төгрөг байсан бол энэ удаа 154 болж буурчээ.
162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшинтай
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал жилийн орлого 35 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 96 сая төгрөг байна.
162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшинтай. Toyota, Prado 150 маркийн автомашинтай бөгөөд 45 сая төгрөгөөр үнэлжээ. 130 сая төгрөгийн газар эзэмшдэг бол арван сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
2023 онд дотоодын хадгаламждаа зургаан сая төгрөгтэй байсан бол энэ удаа 13 сая төгрөг болж нэмэгджээ. Авлагагүй. 2023 онд 12 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2024 онд бүрэн төлж барагдуулжээ.
Нэг тэрбум 672 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын жилийн орлого 169 сая болж 2023 оноос 124 сая төгрөгөөр өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 2023 онд 24 сая байсан бол 45 сая төгрөг болж мөн өссөн байна. Нэг тэрбум 672 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай барилгатай. Lexus, GS 300 , Lexus, ES 300 гэсэн хоёр автомашинаа 75 сая төгрөгөөр үнэлжээ. 130 сая төгрөгөөр үнэлэгдэх 80 адуутай бол 22 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.
Автомашингүй, 639 мянган төгрөгийн хадгаламжтай
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл 44 сая төгрөгийн өөрийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 22 сая төгрөг олдог. 250 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Автомашингүй, 10 адуутай. Түүнийгээ 10 сая төгрөгөөр үнэлжээ. Дөрвөн сая төгрөгийн газар, 25 сая төгрөгийн үнэт эдлэл, 639 мянган төгрөгийн хадгаламжтай, 17 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр жилийн орлого 2023 онд 65 сая төгрөг байсан бол энэ удаа 81 сая болж нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого 23 сая төгрөг.
250 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгсэлгүй бол 50 сая төгрөгийн газар эзэмшдэг гэж мэдүүлжээ. Авлага, зээлгүй. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын хадгаламждаа есөн сая төгрөгтэй байна.
110 сая төгрөгийн зээлээ 2024 онд бүрэн төлжээ
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нийт 103 сая төгрөгийн орлоготой байна. Түүний гэр бүлийн гишүүд 121 сая төгрөгийн орлоготой, хөрөнгө борлуулсны орлого 27 сая төгрөг. Мөн нийт 785 сая төгрөгийн үнэ бүхий таван үл хөдлөх хөрөнгөтэй. Үйлчилгээний зориулалттай нэг барилга, 130 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 автомашинтай. Нийт 58 сая төгрөгийн үнэ бүхий 1344мкв нэг газар, 500мкв нэг газар, 799мкв нэг газартай байна. Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж 304 сая төгрөг байна. Мөн 2023 онд нийт 110 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2024 онд зээлээ бүрэн төлж, барагдуулжээ.
Гэр бүлийн орлого нь 2023 онд мэдүүлсэн орлогоос өссөн байна
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нийт 45 сая төгрөгийн орлоготой байна. Түүний орлого 2023 оныхоос тодорхой дүнгээр өсчээ. Мөн гэр бүлийн орлого нь 912 сая болсон нь 2023 онд мэдүүлсэн орлогоос өссөн байна. Нийт 188 сая төгрөгийн үнэ бүхий долоон үл хөдлөх хөрөнгөтэй. Суудлын жижиг машин Toyota Aqua нэг, жижиг оврын ачааны машин Kia Бонго нэг, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 автомашин буюу нийт 240 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл. Мөн 179 сая төгрөгийн үнэ бүхий 344 хонь, 20 үхэр, 65 адуу, 120 ямаатай. 10 га нэг газар эзэмшдэг бол 693 га газар өмчилдөг. Мөн 271 мкв талбай эзэмшдэг. 154 мкв нэг газар өмчилдөг буюу нийт 130 сая төгрөгийн газартай. Дөрвөн сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад гурван сая төгрөгийн хадгаламжтай.
Дотоодын хадгаламж нь өсөж 118 сая төгрөг болжээ
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр жилийн орлого нь 2023 оноос 40 сая төгрөг болж өссөн байна. Гэр бүлийн орлого нь 2023 онд 33 сая төгрөг байсан бол энэ удаа зургаан сая болж буурчээ. 334 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр баригдаж дуусаагүй орон сууцтай.
Toyota, LEXUSRX400 маркийн автомашинаа 65 сая төгрөгөөр үнэлжээ. 33 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2023 онд 87 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай байсан бол энэ удаа 118 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 105 сая төгрөгийн авлагатай, “ЭНҮКА” ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Орлого нь 20 саяар өсөж 69 сая болсон хэмээн мэдүүлжээ
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын орлого өмнөх оноос 20 сая төгрөгөөр өсөж 69 сая төгрөг болжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого ч мөн адил 10 сая төгрөгөөр өсөж 48 сая болсон байна. 251 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, хоёр гражтай. 100 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, RX 450 автомашинтай. 33 сая төгрөгийн үнэ бүхий 25 адуу, 18 хонь, 41 ямаатай. 82 сая төгрөгийн үнэт эдлэл, 58 сая төгрөгийн хадгаламжтай. Эзэмших эрхтэй таван га газартай гэж мэдүүлжээ.
Хөрөнгийн биржид хувьцаа эзэмшдэг
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат жилийн 93 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 70 сая төгрөг олдог. 300 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 28 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай. 99 сая төгрөгийн адуутай бол 25 сая төгрөгийн газар, 50 сая төгрөгийн үнэт эдлэл, 54 сая төгрөгийн хадгаламжтай байна. 29 сая төгрөгийн авлагатай бол 44 сая төгрөгийн зээлтэй гэжээ. “Эрдэнэс таван толгой” ХК, Хөрөнгийн биржид хувьцаа эзэмшдэг.
527 сая төгрөгийн орлоготой
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нийт 527 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүн нь 12 сая төгрөгийн орлоготой байна. Нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. 215 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser 200 автомашин нэг, суудлын жижиг Toyota spacio автомашин нэгтэй. 18 сая төгрөгийн үнэ бүхий арван адуу, арван үхэртэй. Мөн 100 сая төгрөгийн үнэтэй 10 га газар эзэмшдэг. 15 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 48 сая төгрөгийн хадгаламжтай байна. Энэ нь 2023 оны хадгаламжийн мөнгөн дүнгээс буурчээ.
405 сая төгрөгийн газартай
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунийн жилийн орлого 206 сая төгрөг байна. Гэр бүлийнх нь гишүүд 67 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 928 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Prius, LX 450 автомашинаа 70 сая төгрөгөөр үнэлжээ. 290 сая төгрөгийн малтай. 405 сая төгрөгийн газар, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 84 сая төгрөгийн хадгаламж, 50 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Тэрээр Норов ойл ХХК, Даймэнд майнд ХХК, Таван нүдэн очир майнинг ХХК, Өгөөмөр сэцэн хаан ХХК, Хаан ойл групп ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Автомашины тоо нэмэгдэж 398 сая төгрөгөөр үнэлжээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар жилийн орлого 2023 онд 18 сая байсан бол энэ удаа 42 сая төгрөг болж өссөн байна. Харин гэр бүлийн орлого 17 сая төгрөг. 473 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, хашаа байшинтай.
2023 онд 68 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай байсан бол энэ удаа 398 сая төгрөгийн Toyota, Land Criuser 300 , ,Toyota, Crown, Lexus, HS 250 маркийн бүхий гурван автомашинтай болсон байна.
125 сая төгрөгийн газар эзэмшдэг, үнэт эдлэлгүй, дотоодын хадгаламждаа хоёр сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. 120 сая төгрөгийн авлагатай бол найман сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)