Х.ХАТАНЗОРИГ

Төрт түмний их баяр наадам үргэлжилсээр.Монгол орны өнцөг булан бүрд наадмын сонин яригдаж, бөхийн барилдааны тухай яриа халуун сэдэв болсоор байна. Тодруулбал Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жил, Дорнод аймаг үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой, Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмууд долоодугаар сарын 29,30-ны өдрүүдэд тус тус болсон билээ. Тэгвэл уг наадмуудын өнгийг тодорхойлсон бөхчүүдийг та бүхэн хүлээн авна уу. Уул усны нутаг, Увсын цэнхэр хангайн 100 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь түрүүлж “Лексус 600” автомаркийн машин гардан авсан бол, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж гурван өрөө байраар шагнууллаа. Дорнод аймаг үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Анар тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх түрүүлж “хурц арслан” чимэг нэмж, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн начин С.Цогтсүмбэр үзүүрлэж “аймгийн заан” цолны болзол хангалаа. Харин Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам бүртгэсэн цагаасаа эхлэн дуулиантай болоод байгаа билээ. Улсын цолтой 35 бөх зодоглосон энэ наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Ч.Хасчулуу түрүүлж “аймгийн арслан” цол, Дорноговь аймгийн Замын-үүд сумын харьяат аймгийн начин О.Зундуй үзүүрлэж “аймгийн заан” цолны болзол тус тус хангаад байгаа билээ. Үзүүр түрүүнд шалгарсан аймгийн цолтнууд хоёрын даваанаас эхлэн улсын цолтнуудыг “нураасан” нь ийнхүү олны хэл амыг дагуулаад байна.

Эх сурвалж: zms.mn