Х.ХАТАНЗОРИГ

“Зууны мэдээ” сонин “Дөрвөн хөлтэй анд” буландаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ААУ С.Хүрэлбаатарын адуун сүрэгт идээшилж яваа  “Янзага хонгор” нэртэй морийг онцолж байна.

Сайхан хурдан хүлгүүдийн нуруун дээр салхи зүсэн гийнгоолж, эрийн гурван наадамдаа хурд сорин давхидаг байсан үе саяхан. Одоо ч гэсэн уралдахаас бусдаар бол морины нуруун дээрээс буугаагүй л яваа. Олон сайхан морьд миний дотор нэртэйгээ, зүстэйгээ, дурсамжтайгаа, дурдатгалтайгаа янцгаан буй. Харин энэ дундаас би хар багын анд хонгор морио онцлох гэлээ.

Бид түүнийг “Янзага хонгор” гэж дууддаг. Надаас өөр хүнд сайхан ааш гаргана гэж үгүй. Хааяа сэтгэл нь тавгүй үедээ надад ч “агсамнах” нь бий. Сайдаж муудаж нөхөрлөн явсаар 10 жилийг ардаа үлдээжээ. Анх бид хоёр 2015 онд тавдугаар ангийн сурагч, даахиндаа баригдсан даага хоёр, дүн өвлийн хүйтнээр айлын хашаанд уулзаж билээ. Өвлийн бүсийн хурд шагшилдсан тэр наадамд бид хоёр шиг балчирхан нь байгаагүй юм. Морь унаагүй хүүхэд, нутаг сэлгэн яваа даага хоёр тэр цагаас л эхлэн дурсамж угсран өссөн юм.

Нэрний хувьд яагаад янзагатай адилтгасан бэ гэвэл моринд, тэр тусмаа хурдан моринд язгуур шинж гэж байдаг. Ерөнхий гадаад байдал, хэлбэр хийцээс нь хамаараад “Хүдэр язгуур”, “Арслан язгуур”, “Бөхөн язгуур”, “Туулай язгуур”, “Луу язгуур” гэх мэт 16 төрлийн шинж байдаг. Түүний “Буган язгуур” хүлгийн шинжтэй адилхан болохоор нь өхөөрдөөд бор гөрөөсний төлийн нэрийг хайрлачихсан нь тэр.

Ааш зангийн хувьд их хөдөлгөөнтэй. Заримдаа бүр эмнэг адуу шиг ойртуулахгүй хулмалзана, хазна, эрүү шанаанд нь хүрвэл урд хөлөөрөө самарч орхино, олмыг нь чанга татчихвал ярдаглаад хэвтчихнэ, хороо, хашаанд шахахад ороолж, тойрч зугтаана. Бугуйлын сур харах юм бол баригдана ч гэж үгүй дээ. Хязаалан настайд нь өвөл цаг хатуурхаад манайх адуугаа оторт өгсөн юм. Идэр есийн жаварт золбоождог, хүдэрхэн чийрэг биетэй, отрын адуучин эрсийг нуруун дээрээ гаргаагүй юм гэдэг. Харин ааш гаргахаасаа бусад үедээ хонины морь шиг номхон болчихно. Залхуу нь хүрдэг юм уу яадаг юм бүү мэд. Уяа сойлго дундуур бол би гүйж очоод гараар барьчихдаг. Надаас өөр хүнд бол тийм хайр байхгүй ээ, уур нь хүрээд хамаг л муу муухай зангаа гаргана. Яг л хүнтэй адилхан.

"Хөх тэнгэр хөмрөөгүй бол

Хөрст газар хөрвөөгүй бол

Хүний үрс барилдаж

Гүүний үрс уралдаж

Хөх Монгол мөнх оршино" гэж сайхан үг бий. Хонгор морь бид хоёр энэ уудам нутгийнхаа эд эс нь болж мэндэлснийх эрийн гурван наадамдаа хурдаа сорьж, хүчээ үзсээр ирсэн. Миний хувьд гавьсан амжилтгүй яваа ч янзага хонгор минь сумдаа зартайхан хурдалж явсан үеүд бий. Дааганаасаа уягдсан ч аз дутаад, заримдаа уяа зөрөөд сумын наадамд айрагдаагүй байлаа. Бага бэсрэг наадмуудаар бол хэд хэд орчихсон. Харин соёолон насандаа жигтэйхэн хурдалсан юм даа. Угаасаа ч удам угшил хурдтай, ерөнхий хэлбэр хийц сайтай давхихаас ч аргагүй морь. Баянбулаг сумынхаа Ардын хувьсгалын баяр наадамд араас нэхэн гүйцсээр айргийн дөрөвт хурдалж, дараахан нь болсон МУ-ын харцага Н.Золбоогийн цолны мялаалга наадамд давхар уяагаар айрагдсан даа.

“Даахин дор хүлэг, дахан дор эр”-ээ гэж. Анх зузаан нэмнээний доороос цухуйдаггүй байсан даага одоо адуун сүргийн чимэг, сүр нь болсон хурдан буянгуудын нэг. Уралдах гээд сэрвээг нь хэмжихэд 139,5см ээр багтдаг ийм л үлэмж амьтан даа. Өдгөө урт хоёр чихээ солбилзуулан уулсын оройг ширтээд, ижил олон сүргийнхээ дунд сүүлээ сөхөн хатираад, тунгалаг булгийнхаа уснаас уулсын оргил, өвсний шимийг  даган бэлчээр сайхан нутагтаа шогшиж л яваа байх даа.

Эх сурвалж: zms.mn