С.УРТНАСАН
Охидын хамтлаг болох T-ARA нь долоодугаар сарын 29-нд тайзны уран бүтээлийнхээ 16 жилийн ойг сэтгэл хөдлөм дурсамжууд, чин сэтгэлийн мессежүүдтэйгээр тэмдэглэлээ. Жиён өөрийн инстаграм хуудсандаа Хёомин, Ынжон, Кюри нарын хамт авхуулсан, ижил хувцастай, камер луу биш харин нуруугаараа харсан зургийг нийтэлжээ. Тэр энэхүү зургаа “16 дахь ойн баяр” хэмээн хураангуйлан тайлбарласан нь фэнүүдийнхээ талархлыг хүлээсэн байна. Хёомин мөн өөрийн хуудсаар дамжуулан: “Аль хэдийн 16 жил болчихсон байна шүү дээ. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна” хэмээн бичиж, хамтлагийн анхны үеийн дурсамжит зургууд болон бичлэгүүдийг хуваалцжээ. Тэрээр өөрийн хэв маягт үнэнчээр тоглон “Энэ хамгийн өндөр чанартай зураг гэж үү? Бүр 50 жилийн өмнөх ч биш шүү дээ” хэмээн хошигнож, “Латте үеийн дебютын 16 жилийн ой” гэж нэрлэжээ.
“Латте үе” гэдэг нь ахмад үеийнхэнтэй холбоотой Солонгосын ярианы хэллэг юм. Ынжон өөрийн цуглуулсан T-ARA-гийн цомгуудын зургийг хуваалцаж, “Манай хамтлагийн цомгууд номын тавиурын маань нэг талд байнга байрладаг. T-ARA-гийн нэг хэсэг болж өнгөрүүлсэн мөч бүр үнэхээр үнэ цэнтэй, маш их талархаж байна” гэж бичжээ. 2017 онд хамтлагаасаа гарсан хуучин гишүүн Соён мөн сэтгэлээ илэрхийлжээ.Тэрээр “Аль хэдийн 16 жил болчихсон байх юм. Сүүлийн жил бүр л хурдан өнгөрсөн санагдаж байна. Миний хоолойг мартаагүй, хайрлаж дэмжсээр байгаа фэнүүддээ баярлалаа. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ. T-ARA нь 2009 оны долоодугаар сарын 29-нд дебют хийж, “Bo Peep Bo Peep,” “TTL буюу (Time to Love),” “Roly Poly,” “Sexy Love,” “Crazy Because of You” зэрэг олон хит дуунуудаар алдаршсан. 2017 онд Борам, Соён нар хамтлагаасаа гарсан бөгөөд хамтлаг Жиён, Хёомин, Ынжон, Кюри гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: zms.mn